Япон Улсын Олон улсын хөдөлмөрийн сангийн үйл ажиллагаатай танилцана
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт
2015.09.11

Япон Улсын Олон улсын хөдөлмөрийн сангийн үйл ажиллагаатай танилцана

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Японы Олон улсын хөдөлмөрийн сангийн үйл ажиллагаа болон тус улсын Хөдөлмөрийн хуулийн хэрэгжилттэй танилцах, харилцан туршлага солилцох зорилгоор 2015 оны 09 дүгээр сарын 13-20-ны өдрүүдэд Япон Улсын Токио хотод ажиллах юм.

Төлөөлөгчдийг Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт ахалж байгаа бөгөөд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Я.Содбаатар, Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг болон албаны бусад хүмүүс багтсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн боловсруулахад Олон улсын хөдөлмөрийн байгууллага 2010 оноос эхлэн техникийн туслалцаа үзүүлсний зэрэгцээ  манай улс Олон улсын хөдөлмөрийн конвенцид нэгдэж орсноор Ази, Номхон далайн бусад орнуудтай харьцуулахад дундаж байранд жагсаж байгаа ажээ.

Ажлын хэсгийн гишүүд тус улсад ажиллах явцдаа Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Ясухиса Шиозакитай уулзах юм.