Тэтгэлэгээр суралцах оюутнуудын зардлыг батлав
Шийдлийн Засгийн газрын хуралдаан өнгөрөгч даваа гарагт болсон билээ. Тэгвэл ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өчигдөр мэдээлэл хийлээ.
Ээлжит хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь 2015-2016 оны хичээлийн жилд гадаадын шилдэг их, дээд сургуульд суралцах оюутнуудын сургалтын төлбөрт зориулагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх асуудал байсан аж. Тэгвэл уг асуудлаар Засгийн газар шийдвэр гаргаж хөрөнгийн эх үүсвэрийг төсвийн тодотголд оруулахаар шийдвэрлэжээ.
Энэ ажлыг Сангийн болон БСШУ-ы сайдуудад даалгасан байна. Мөн жил бүр улсын төсөвт 100-аас доошгүй оюутныг гадаадын шилдэг их, дээд сургуулиудад суралцах зардлыг төсөвт тусгаж санхүүжүүлж байхыг холбогдох сайд нарт даалгасан аж. Монгол Улсын үндэсний хөгжлийн үзэл баримтлал дээр нь Монгол Улсын Засгийн газрын 2015-2016 оны мөрийн хөтөлбөрт орсон “Өрсөлдөх чадвартай Монгол хүн” гэсэн хөтөлбөр бий.
Уг хөтөлбөрийн дагуу 300 орчим иргэнийг ойрын жилүүдэд дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах шийдвэр гаргасан билээ. Энэхүү ажил 2014 оноос хэрэгжиж эхэлсэн юм. 2015-2016 оны хичээлийн жилд суралцах оюутны тэтгэлэгт нийтдээ 165 иргэн оролцсоноос 65 нь шилдэг их, дээд сургуульд суралцах болзлыг хангажээ. Эхний ээлжийн 35 оюутныг сургахад санхүүжүүлэхэд 4.2 тэрбум төгрөг шаарддагатай байсныг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн байна. Үлдсэн 30 хүнийг гадаадад сургахад шаардагдах хөрөнгө болон бусад асуудлыг дараагийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэхээр болжээ.