Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байртай болох, нийгмийн үйлчилгээнд хамрагдахад тусална
2015.08.12

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байртай болох, нийгмийн үйлчилгээнд хамрагдахад тусална

  Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажлын байраар хангагдах, төрийн үйлчилгээг саадгүй авах илүүтэй боломжийг олгох зорилгоор Монгол улсын хэрэгжүүлэх гэж буй реформ шинэчлэлийг дэмжих үүрэгтэй Азийн Хөгжлийн Банкны техникийн туслалцааны санхүүжилтэд зориулан 1 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Япон улсын Засгийн газраас олгохоор болов. 

    Энэхүү буцалтгүй тусламжийн санамж бичиг байгуулах ажиллагаанд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нарангэрэл, Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Амарсайхан, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газрын дарга Б.Доржсэмбэд,  Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Хироши Фукасава, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын зөвлөх ноён Минору Кикучи болон Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч ноён Марк Беземер нар оролцлоо. 
    Японы ядуурлыг бууруулах сангаас олгож, Азийн хөгжлийн банкнаас захиран зарцуулах энэхүү буцалтгүй тусламж нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байраар хангагдах, хараат бус аж төрөх, нийгэмших асуудалд анхаарах АХБ-ны төлөвлөгдөж буй томоохон төслийн урьтал болж байгаараа онцлог юм. 
    Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрт оношлогооны тогтолцоог сайжруулах, үйлчилгээг бүхэлд нь дөхөмтэй болгож дэд бүтэц, тээврийн хүртээмжийг дээшлүүлэх, ур чадвар олгох, ингэснээр ажил эрхлэх боломжийг нь дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлийн талаарх ард иргэдийн ойлголтыг дээшлүүлж нийгмийн хандлагыг эерэгжүүлэх зэрэг ажлууд хийгдэнэ