Н.ЭНХБОЛД:Манай бүлэг байр сууриасаа ухрахгүй
2012.04.03

Н.ЭНХБОЛД:Манай бүлэг байр сууриасаа ухрахгүй

УИХ-ын хаврын чуулган энэ сарын 5-нд эхэлнэ. Чуулганаар Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг шинэчлэн батлах тухай, УИХ-ын ээлжит сонгууль товлон зарлах тухай болон зардлын хэмжээг тогтоох тухай, Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээлэл, Эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, Нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Монгол Улсын 2011 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг 11 баримт бичгийг хэлэлцэн батлахаар төлөвлөжээ.Захирамжид зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, шийдвэрийн төслүүдийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь Даргын зөвлөлөөр шийдвэрлэж байхаар захирамжид өгүүлжээ.

Эдгээрт Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт зэрэг багтана. Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл бүрэн хангагдсан гэж УИХын Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хэлэв. УИХ-ын дэд дарга Н.Энхболдоос хаврын чуулгантай холбоотой зарим зүйл тодрууллаа.

-Энэ жилийн хаврын чуулган бусад жилийн ээлжит чуулганаас богино хугацаанд үргэлжилнэ гэж байгаа. Шалтгаан нь УИХ-ын сонгууль уу?


-Сонгуулийн жил учраас тавдугаар сарын сүүл, зургаадугаар сарын эхээр нэр дэвших гишүүд тойрогтоо ажиллахаар чөлөө аваад явчихдаг уламжлалтай. Хаврын чуулганаар заавал хэлэлцэж баталсан байх ёстой төсөв, эдийн засагтай холбоотой хууль, тог тоолын төслүүд бий. Байгаль орчны чиглэлийн багц хуулийн төсөл бас байгаа. Явцын дунд заавал хэлэлцэх шаардлагатай төслүүд орж ирдэг.

Тухайлбал, Цэцийн дүгнэлт байна. Эдгээрийг тооцож үзээд тавдугаар сарын сүүлчээр хаврын чуулганыг завсарлуулна гэж тооцсон. Гишүүдийн ирц одоогоор 60 гаруй хувьтай байна. Нээлтийн үеэр 90 орчим хувьд хүрэх байх. Бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдсан. Маргааш, нөгөөдрөөс Байнгын хороод хуралдаж эхэлнэ.

-Орон нутгийн сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэн баталж чадах уу?


-МАН-ын бүлэг хэлэлцүүлэхийн төлөө байгаа. Үүнийхээ төлөө ч ажиллана. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсантай холбоотойгоор Орон нутгийн хурлын сонгуулийн хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой. Зэрэг явуулахаар болсон ч үүсэж болох хүндрэлтэй нөхцөлүүд харагдаж байна.Автоматжуулсан төхөөрөмж, цахим үнэмлэх ашиглах, хоёр тусдаа сонгууль учраас арга хэлбэр, зохион байгуулалтын хувьд өөр байх зэрэг учирч болох бодит хүндрэлүүд харагдаж байна. Урьд өмнөхөөс цөөн хүн УИХ, Орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшинэ гэж бодохгүй байгаа. Энэ бүх хүндрэлтэй ажиллагаанаас болж эргэлзээтэй нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Тийм учраас зэрэг явуулах нь зохимжгүй. Энэ байр сууриа МАН-ын бүлгийн зүгээс илэрхийлнэ.

-Хоёр бүлгийн Ажлын хэсэг бий. Зөвшилцөл үр дүнд хүрээгүй юм байна гэж үзэж болох уу?


-Тус бүр таван хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг бий. Уг нь нэлээд сайн, илэн далангүй ярилцсан юм. Бэрхшээлтэй асуудлуудын талаар санал нэг байгаа. Зөвшилцөл зогссон гэж хэлэхгүй. Хойшилсон гэж үзэж харин болох юм. Зөвшилцлөө үргэлжлүүлэх асуудлыг манай бүлгийн зүгээс сөхөж тавина. Гишүүд тойрогтоо ажиллаад ирсэн.Орон нутгийн иргэд, намын байгууллага, сонгуулийг зохион байгуулах үүрэгтэй хүмүүсийн дийлэнх нь хэлж байна. Хоёр сонгуулийг зэрэг явуулах нь түвэгтэй гэж хэлж байгаа. Бүлгүүд зөвшилцөлд хүрэх байх.

-Цэцийн шийдвэрийг хүлээж авах болов уу. Сонгууль болохоос зургаан сарын өмнө хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн заалт бий.


-УИХ хүлээж авахгүй бол Цэц дээд суудлын хуралдаанынхаа шийдвэрийг гаргана. Үндсэн хууль зөрчсөн гэж эцсийн шийдвэрээ гаргавал хуульд өөрчлөлт оруулж таарна. Энэ нөхцөлд зургаан сарын өмнө гэсэн хуулийн заалт үйлчлэхгүй. Цэц ч ийм байр суурьтайгаа илэрхийлсэн байна билээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.