“Бид хамтдаа” аян Архангай аймгаас гараагаа эхэллээ
Монгол ардын намаас санаачлан, иргэдтэй уулзаж, санаа бодлыг нь сонсох зорилготой “Бид хамтдаа” аян Архангай аймгаас гараагаа эхэллээ. Энэ сарын 13, 14-ний өдрүүдэд болсон энэхүү аянд МАН-аас есөн баг гарч, бүх сумдад хүрч ажилласан юм.
Тухайлбал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Су.Батболд, О.Содбилэг, Д.Лүндээжанцан, С.Бямбацогт, Ц.Нямдорж, Н.Номтойбаяр, Засгийн газрын гишүүн Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат, дэд сайд Г.Тэмүүлэн болон бусад албаны хүмүүс энэхүү аянд нэгдэж, сум бүрт хүрч ажилласан юм.
“Монголын мэдээ” сонины сурвалжлах хэсэг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Мөнхбатын ахлах зөвлөх н.Бямбасүрэн нарын ахалсан хэсэгт багтаж, Архангай аймгийн Чулуут, Их тамир сумын ард иргэдтэй уулзсан уулзалтыг сурвалжлаад ирсэн юм. Ажлын хэсэг юуны өмнө Архангай аймгийн Чулуут сумыг зорьсон. Ер нь өнөө жил Архангай аймагт хүйтэвтэр байгаа аж. Тэр дундаа Чулуут сумын нутагт цас орж, хүйтэн байна.
Тэр битгий хэл өвөлжөөнөөсөө гараагүй гараагүй айлууд ч байна. Иргэдтэй уулзах ажлын хэсэг Чулуут сумын төв орохоос өмнө малчин н.Баасанжавынхаар орж, иргэдийн санал бодлыг сонссон юм. Малчин иргэдийн хэлж байгаагаар хөдөөд мах, арьс шир, ноос ноолуурын үнэ навс унаж, амьдрал хэцүүдэж байгаа талаар ярьж байсан юм. Тэдний хэлж байгаагаар махны үнэ өнгөрсөн жилүүдийнхийг бодвол эрс буурсан аж. Сайн үхэр сая хүрдэг байсан бол 500-600 мянган төгрөгт л хүрч байгаа юм байна.
Ченжүүд үхрийн махыг амьдын жинг нь 1100-1200 төгрөгөөр л худалдаж авч байгаа ажээ. Мөн сайн эр хонь 150 мянгад хүрдэг байсан бол одоо 80-90 мянган төгрөгөөр л зарж байгаа юм байна. Дээрээс нь ноосны урамшууллаа авч чадаагүй гээд асуудал их байгааг дуулгасан.
Харин Су.Батболд гишүүн малчдыг дэмжих, малын махыг экспортлох талаар төрөөс тодорхой бодлого барьж, хоёр хөрштэйгээ ярилцаж байгаа талаар тайлбарлаж, хамгийн гол нь малаа эрүүлжүүлэх талаар захиж, зөвлөсөн юм. Түүний дараа Чулуут суманд очиж, ард иргэдтэй уулзаж, “Бид хамтдаа” аяны зорилго болоод яригдаж байгаа хуулийн төслүүдийн талаар ярьсан юм.
Чулуут суманд болсон уулзалтын үеэр тун цөөн хүн ирсэн төдийгүй сумын удирдлагууд ч үзэгдэж, харагдаагүй юм. Учир нь тус суманд Ардчилсан нам эрх барьдаг бөгөөд эсрэг намын уулзалтад оролцохгүй гэсэн байдлаар хандаж байгаа бололтой. Ер нь суманд улстөржилт хэр байгааг энэ багахан үйл явдал тод томруун харуулсан юм.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Су.Батболд “Өнөөдөр би УИХ-ын гишүүний хувьд, нөгөө талаар МАН-ын гишүүний хувьд та бүхэнтэй уулзаж байна. МАН “Бид хамтдаа” гэсэн аян өрнүүлж байгаа. Манай нам бол 94 жилийн түүхтэй, хариуцлагатай улс төрийн хүчний хувьд, улс орны нөхцөл байдлыг дүгнэж үзээд, айл бүхэнд очиж, хүн бүхэнтэй уулзаж, санаа бодлыг нь сонсохыг зорьсон юм. Манай нам энэ ондоо багтаж бүх аймаг, суманд хүрч ажиллана” гэдгийг хэлсэн.
Мөн тэрбээр өнөөгийн улс төрийн нөхцөл, засгийн газарт хамтарч ажиллаж байгаа талаар ярьсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засаг, санхүүгийн байдал муудаж, гадаадын хөрөнгө оруулалт муудсан. Үүнийгээ Ардчилсан намынхан ойлгож, МАН-ыг хамтарч ажиллаж, бидний туршлагийг харгалзаж, хамтарч ажиллах урилга өгсөн. Үүний дагуу Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа талаар ярьсан юм. Хамтарсан Засгийн газрын үед эдийн засгийн нөхцөл байдлыг сэргээх, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудлыг шийдэх учиртай гэдгийг ч хэлж байсан. Мөн том төслүүдийг хөдөлгөх нь зүйтэй гэдэг тал дээр МАН байр сууриа илэрхийлж байгааг ард түмэнд дуулгалаа.
Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх хэрэгтэй талаар болоод ямар ямар өөрчлөлт хийх гэж байгаа талаар ч ярьсан. Тэрбээр “Бид 1992 онд шинэ үндсэн хуулийг баталсан. Түүнээс хойш Ардчилсан тогтоолцоотой, зах зээлийн эдийн засагтай улс орныг байгуулах гээд зүтгэж явна. 25 жил гэдэг улс орны хөгжлийн хувьд маш бага хугацаа.
Энэ хооронд бидэнд олсон ололт амжилт нэлээд их бий. Мөн алдсан алдаа ч байгаа. Энэ бүхнийг тунгааж үзээд, Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж ярьж байгаа. 1992 онд шинэ Үндсэн хууль баталж байхад зах зээлийн нийгэм гэж юу юм гэдгийг хэн ч мэдэхгүй байсан. Харин өнөөдөр энэ хуулинд засч залруулах зүйл их байгаа нь харагдаж байна. Тэр дундаа төрийн тогтолцоо тал дээр. Монгол Улс бол парламентын засаглалтай. Өнөөдрийг хүртэл бид 14 Ерөнхий сайдыг сольж байсан.
Энэ бол маш тогтворгүй засаг төртэй улс орны тоонд орж байгаа юм. Гадны судлаачид Монголд хоёр жил тутамд төрийн эргэлт болж байна гэж хэлсэн байдаг. Тийм болохоор харьцангуй тогтвортой Засгийн газартай болох тал дээр анхаарч, өөрчлөлт хиймээр байна. Мөн Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулах, хязгаарлах арга хэмжээг авах хэрэгтэй байгаа. Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх нь зөв юм болов уу гэж бодож байна.
Энэ бүх санааг оруулах боломжийг судлах зорилгоо ажлын хэсэг ажиллаж байна. Мөн орон нутаг дахь улстөржсөн байдлыг арилгах зорилгоор ИТХ-ыг намаас бага хамааралтай болгох асуудлыг шийдэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Түүнээс гадна Засаг даргыг сумын ард иргэдийн саналаар сонгодог болгох саналыг ч бас ярьж байна” гэх мэт асуудлыг ярьж, танилцуулсан юм. Мөн сонгуулийн хуулийн асуудал дээр ямар санал яригдаж, аль зарчмыг сонгох гэж байгаа талаарх мэдээллийг ч өгсөн юм.
Түүний дараа иргэд асуулт асуусан. Иргэдийн ихэнх нь тэтгэвийн насыг наашлуулах асуудлыг маш ихээр ярьж, асууж байлаа. Мөн хөдөө аж ахуйн тал дээр ямар бодлого барьж байгаа талаар асууж, санал хэлж байсан юм. Дээрээс нь сонгуулийн хуулийн талаар ч олон санал хэлсэн. Тэр дундаа жагсаалтаар сонгогддог асуудлыг маш хурцаар шүүмжилж байлаа. Түүнээс гадна зургаан настай хүүхдийг сургууль оруулж байгаа нь малчдын амьдралд маш хүндээр тусч байгаа талаар ч бас ярьсаар байна.
Чулуут суманд уулзалт хийсний дараа Ихтамир сумын иргэдтэй уулзсан юм. Ихтамир суманд ч өнөөх намчирхалт байсаар л байна. Засаг даргын тамгийн газрынх нь нөхдүүд огт үзэгдэж харагдсангүй. Харин Чулуут сумыг бодвол арай олон хүн цугласан. Хурлын өмнө албаны хүмүүс үг хэлж, УИХ-ын чуулганаар ямар асуудал хэлэлцэж, хууль журам баталж байгаа талаар танилцуулсан. Түүний дараа иргэд асуулт асуусан юм. Мөн л үндсэн хуулинд яаралтай өөрчлөлт оруулмаар байгаа тухай олон хүн саналаа хэлж байлаа. Дээрээс нь сонгуулийн хуулийг өөрчилж, жагсаалтаар сонгогддог байдлыг ч эрс эсэргүүцэж байгаагаа хэлж байсан юм. Мөн тэтгэврийн насыг наашлуулж өгөх, малчдын хөдөлмөрийн хүндэд тооцож, эрт тэтгэвэрт гаргаж өгөх асуудлыг ч хөндөж байлаа.
Харин “Бид хамтдаа” аяны хоёр дахь өдөр буюу энэ сарын 14-нд МАН-ын гишүүд, удирдлагууд Архангай аймгийн төв буюу Эрдэнэмандал сумын төрийн албан хаагчид болоод иргэдтэй уулзсан юм. Уулзалтын үеэр сумдад ярьсан зүйлээ базаж, нэгтгэж мэдээлэл өгсөн юм. Ингэснээр “Бид хамтдаа” аяны Архангай дахь уулзалт өндөрлөлөө. Цаашид энэхүү аян Монголын бүх аймаг, сумдаар өрнөж, ард түмнийхээ саналыг авах юм.