Мэндчилгээ
Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга Ишбадамын Нарантуяа
2015.05.07

Мэндчилгээ

Хүүхдийн төлөө үндэсний газар

1925 онд хүүхдийн хөдөлгөөнөөр үүсэн байгуулагдсан Д.Сүхбаатарын нэрэмжит Хүүхдийн байгууллагын түүх Монголын үе үеийн хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсрол, халамж, хамгаалал, эрх зүйн байдлын талаар гарсан өөрчлөлт ахин, дэвшил, хөгжилтэй шууд холбоотой билээ.

Манай улсын бахархал, ирээдүй болсон бяцхан үрс, хүүхэд багачууддаа болон хүүхэдтэй ажилладаг, хүүхдэд үйлчилдэг, хүүхдийг дэмждэг байгууллага, иргэд, аав, ижий, асран хамгаалагч, албан хаагч, хамтран зүтгэгчдэдээ Хүүхдийн хөдөлгөөн, байгууллагын 90 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье!

Үндэсний уламжлал ёс заншлаа дээдлэн шинэ цагийн бичиг үсэг, соёлд суралцаж гадаадын улс орноос хөгжлийн шинэ дэвшлийг улс орондоо нэвтрүүлж үр хүүхдүүдээ сурган хүмүүжүүлсэн багш нар, иргэдийнхээ эрүүл энх, аюулгүй байдлын төлөө цуцалтгүй ажилладаг эрүүл мэнд, хуулийн салбарын ажилтнууд, үндэсний баялгаа бүтээгч ард түмэндээ нийт хүүхдүүдийнхээ бүрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна.

Монгол Улсад үүсч хөгжсөн хүүхдийн хөдөлгөөн, байгууллага хөгжлийнхөө түүхийн цаг хугацаанд багачууд хүүхдүүд, өсвөр үеийнхнийг эгнээндээ нэгтгэсэн хүүхдийн өөрсдийн үүсгэл санаачилга, удирдлагын байгууллагаас 18 нас хүртэлх бүх хүүхдийн төлөө хүүхдийн эрхийг хамгаалах, хэрэгжүүлэх, хангах үүрэгтэй төрийн байгууллага, олон нийтийн санал санаачлагаар бий болсон иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээд болтлоо өргөжин хөгжсөн байна.

Монгол түмний хувьд “үр хүүхдээ”л чухалчилдаг алсын хараатай, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө хүн ард, байгууллага бүх нийтээр анхаарч хүчээ нэгтгэдэг уламжлал энэ цагт үргэлжлэн хүүхдийн байгууллагууд иргэн бүрийг хүүхдийн эрхийг хүндлэн дээдэлж, хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд авч үзэх ёс зүйтэй харилцааг үндсэн шаардлага болгон ажиллаж байна.

Манай улсын гадаад харилцаа өргөжин Олон улсын хүний эрх, хүүхдийн эрхийн талаарх гэрээ, конвенцийг хүлээн зөвшөөрч нэгдэн орж хэрэгжүүлсэнээр Та бидний үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага ч улам өсөн нэмэгдсээр байна.

Нийгмийн баялаг болсон хүний хөгжлийн төлөөх цогц бодлогыг хэрэгжүүлж үр хүүхэддээ ээлтэй гэр бүл, сайн аав ээж байхын төлөө хамтдаа зүтгэцгээе!

Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга Ишбадамын Нарантуяа

2015 оны 5 сарын 8