Гэр бүлийн орчинд хүүхдийг зодож шийтгэхийг хуулиар хориглоё!
“Хүүхдийг зодож шийтгэхийг зогсооё!”
2015.04.30

Гэр бүлийн орчинд хүүхдийг зодож шийтгэхийг хуулиар хориглоё!

Хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ үл тэвчих, хүүхдэд бие махбод, сэтгэл санааны шийтгэл оногдуулах явдлыг таслан зогсоохын чухлыг олон нийтээр хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор анх 1998 онд АНУ-д 04 дүгээр сарын 30-ны өдрийг “Хүүхдийг зодож шийтгэхийг зогсооё!” уриан доор тэмдэглэж эхэлсэн билээ. 2001 оноос олон улс орон энэхүү үзэл санаа, үйл хэрэгт нэгдэн, уг өдрийг “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохын төлөө олон улсын өдөр” болгон дэлхий нийтийн хэмжээнд тэмдэглэж ирсэн байна.

Манай улс Хүүхдийг Ивээх Сангийн санаачилгаар 2006 оноос жил бүр уламжлал болгон энэ өдрийг тэмдэглэж байна. Хүүхдийг Ивээх Сан энэ өдрийн хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч, олон нийт, шийдвэр гаргагчдад хандан хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх мэдлэг, мэдээлэл түгээх, тэдний хандлагыг өөрчлөхөд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулдаг билээ.

Энэ жилийн хувьд гэр бүлийн орчинд хүүхдийг зодож шийтгэхийг хуулиар хориглох тухай санаачилгыг Хүүхдийг Ивээх Сан дэвшүүлж байна.Манай улсад хүүхдийг хүмүүжүүлэх нэрийдлээр зодож шийтгэх үзэгдэл гэр бүлийн орчинд түгээмэл байна. Өнгөрөгч хоёрдугаар сард дөрвөн настай охин зодуураас болж амиа алдсан, энэ дөрөвдүгээр сард гурван настай хүү мөн л эцэгтээ зодуулан нас барсан зэрэг нийгмийг цочоосон аймшигт хэрэг гарсан нь үүний илрэл юм.

НҮБ-ын Хүүхдийн Эрхийн хорооноос 2006 оны 06 дугаар сард хүүхдийн бие махбод болон сэтгэл санааны шийтгэлийг хориглох тухайн тусгай зөвлөмж гаргажээ. Түүнчлэн 2005, 2010 онд Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийг хэлэлцээд НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос “Гэр бүл болон хүүхдийн халамж, боловсрол, асрамжийн үйлчилгээний тогтолцоо зэрэг нийгмийн бүхий л орчинд хүүхдийн эсрэг бүх хэлбэрийн хүчирхийлэл, тэр дундаа бие махбодь, сэтгэл санааны шийтгэлээс урьдчилан сэргийлэх, хориглох талаар хууль тогтоомж батлан хэрэгжүүлэх”-ийг зөвлөмжилсөн байдаг. Тиймээс гэр бүлийн орчинд хүүхдийг зодож шийтгэхийг хуулиар хориглох талаар санаачилга гарган ажиллахыг шийдвэр гаргагч та бүхэнд уриалж байна.