Монгол улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн нээлтийн арга хэмжээ болов
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн нээлтэд зориулсан хэвлэлийн бага хурал
2012.02.04

Монгол улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн нээлтийн арга хэмжээ болов

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн нээлтэд зориулсан хэвлэлийн бага хурал 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдөр ГХЯ-нд болов. Хэвлэлийн бага хурлыг нээж  Монгол Улсын Шадар сайд, 40 жилийн ойг зохион байгуулах хорооны дарга М.Энхболд хэлсэн үгэндээ Япон Улс нь Монгол Улсын ардчилал, шинэчлэлийн үйл явцыг анхнаас нь тууштай дэмжиж, шилжилтийн үеийн бэрхшээлийг даван туулах, зах зээлийн эдийн засгийн харилцааг төлөвшүүлэхэд үнэтэй тусламж үзүүлсэн манай улсын гол хандивлагч орон гэдгийг онцлон тэмдэглэж, Монгол Улсын Засгийн газар Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд онцгой ач холбогдол өгч, энэхүү түүхэн ойг  ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд ойн жилийн арга хэмжээг зохион байгуулах хороог Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан байгуулсныг мэдээлж, арга хэмжээний төлөвлөгөө болон ойн лого-билэгдэлийг сэтгүүлчдэд танилцуулав.

Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ойн шуудангийн марк хэвлүүлэх, лого тэмдэг гаргах, хоёр талд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал хэрэгжүүлэх, хүүхэд залуучуудын дунд Япон орны тухай зохион бичлэгийн уралдаан зарлан явуулах, япон хүүхэлдэйн үзэсгэлэн болон гэрэл зургийн үзэсгэлэн гаргах,  монгол-япон хэлний толь бичиг хэвлүүлэх, түүнчлэн Япон Улсад Монголын ардын урлагийн тоглолт, үндэсний хувцасны үзүүлбэрийг зохион байгуулах, уйгаржин монгол бичгийн үзэсгэлэн гаргах, Японы томоохон хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг Монгол Улсад урьж айлчлуулах зэрэг нийт 23 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Мөн өдрийн 18.30 цагт Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн нээлтийн ёслол, хүндэтгэлийн хүлээн авалт  ГХЯ-ны Номин танхимд болов. Монгол Улсын Шадар сайд, 40 жилийн ойг Зохион байгуулах хорооны дарга М.Энхболд ёслолын ажиллагааг нээж, үг хэлж, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Японы Парламентын бүлгийн дарга С.Батболд нар баярын мэнд дэвшүүлэв.
Ёслолын нээлтийн үеэр  Улсын Филармонийн Морин хуурын чуулга,  МУАЖ А.Долгор, МУГЖ Г.Ариунбаатар, япон дуучин О.Юми, үндэсний хөгжмийн найрал дууны “Хөсөгтөн” хамтлагийн тоглолт, түүнчлэн Монгол дахь япончуудын нийгэмлэг, Японд сургууль төгсөгчдийн “Жугамо” нийгэмлэгийн гишүүдийн хамтарсан найрал дууны хамтлагийн тоглолт зохион байгуулагдав.

Арга хэмжээнд хоёр улсын төрийн болон төрийн бус байгууллага, компани, найрамдлын нийгэмлэгийн гишүүд нийт 150 гаруй хүн оролцов. Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой  энэ оны 2 дугаар сарын 24-ны өдөр тохиож байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.