“Говийн чоно-2015” туршлага солилцох дадлага сургуулийг өнөөдрөөс эхэллээ
2015.03.24

“Говийн чоно-2015” туршлага солилцох дадлага сургуулийг өнөөдрөөс эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газар Америкийн Нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, АНУ-ын Номхон далайн хуурай замын цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2015” газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах, туршлага солилцох дадлага сургуулийг энэ сарын 24-27-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. 

“Говийн чоно-2015” газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах, туршлага солилцох дадлага сургуулийг өнөөдрөөс эхэллээ.

Дадлага сургуулийн нээлтэд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Көрк Макбрайд, Номхон далай дахь АНУ-ын хуурай замын цэргийн командлалын дэд дарга, хошууч генерал Григори Ми Билтон, НҮБ-ын суурин төлөөлөгч, хатагтай Сезин Синаноглу, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал нарын албаны хүмүүс оролцлоо. 

Монгол Улсад 2009 оноос эхлэн зохион байгуулж байгаа “Говийн чоно” дадлага сургалтыг гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагааны бодит байдалд ойртуулан хийж дасгал сургуулийг АНУ-ын Ази Номхон Далайн цэргийн командлал, Аляскийн үндэсний гвардитай хамтран дөрөв дэх удаагаа зохион байгуулж байгаа юм. 

Манай улсад гурваас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэлт 2013 онд 53 удаа, 2014 онд 54 удаа, 2015 он гарсаар есөн удаа бүртгэгджээ. 

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад газар хөдлөлтийн идэвхижил нэмэгдэж байна. Газар хөдлөлтийн аюул Монгол орны хувьд үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Тухайлбал, нийслэлийн орчимд Эмээлтийн бүсэд 2015 он гарсаар газар хөдлөлтийн чичирхийлэлт 107 удаа бүртггэгджээ. Манай улсад гурваас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэлт 2013 онд 53 удаа, 2014 онд 54 удаа, 2015 он гарсаар есөн удаа бүртгэгджээ. 

Энэ удаагийн “Говийн чоно-2015” сургалт, дадлага сургууль нь газар хөдлөлтийн аюул тохиолдсон тухайн нөхцөл байдалд тулгуурлан газар хөдлөлтийн бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох, цэрэг-иргэний харилцааг зохицуулах олон улсын хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах ажиллагааг боловсронгуй болгоход ихээхэн ач холбогдолтой болох юм. “Говийн чоно-2015” сургалт, дадлага сургуульд Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, гамшгаас хамгаалах улсын албад, АНУ-ын Ази Номхон далайн хуурай замын цэргийн командлал, Аляскийн үндэсний гварди, хүмүүнлэгийн тусламжийн олон улсын байгууллагууд оролцож байна.  

Сургууль дадлагын үеэр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд олон улсын хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах дадлага сургууль, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх аврах ажиллагааны дадлага сургуулиуд зохион байгуулагдах юм.