Чөлөөт бүс дэх гадаадын иргэнд 30 хоногийн виз олгоно
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо
2015.02.03

Чөлөөт бүс дэх гадаадын иргэнд 30 хоногийн виз олгоно

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Чөлөөт бүсийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлэгдсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хилийн боомтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Хэлэлцүүлгийн шатанд Чөлөөт бүсэд үйлдвэрлэл барихаар орж ирэх гадаадын иргэнд 30 хоногийн виз олгох нь ажлыг нь хийлгэхгүй, дахин дахин сунгах хүндрэлтэй асуудал үүсгэх биш үү. Нөгөө талдаа Монгол Улс, ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчихоор болсон. Гэтэл хойд хөршийн хөрөнгө оруулагч Алтанбулагийн чөлөөт бүсэд үйлдвэрлэл барихаар болоход 30 хоног хангалтгүй. Хугацаагаа сунгах шаардлагатай болно. Энэ нь зөрчил үүсгэж байна гэсэн асуудлыг хөндлөө.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат ч мөн “Чөлөөт бүсийн тухай хуульд хөрөнгө оруулагч чөлөөтэй орж, гарахаар томъёолсон. 30 хоногоор хязгаарлавал үйлдвэрлэл байгуулахад хүндрэлтэй. Гэхдээ байнгын оршин суугч болох ёсгүй” гэсэн асуудал хөндөв. УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Чөлөөт бүсэд байнга ажиллах ёстой хүмүүсийн статус нэг, түр хугацаагаар арилжаа хийгээд буцах нэг хэсэг байна.

Тэдгээрийг ялгаа заагтай авч үзэхгүй бол 30 хоногоор хязгаарлах нь учир дутагдалтай” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Гэхдээ Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын даргын тайлбараар бол Хятад, ОХУ-тай байгуулсан эхний хэлэлцээрээр 30 хоногийн хугацаатай харилцан визгүй зорчих эрхтэй тул олон улсын зорчих эрхээ барьж ажиллахаас аргагүй” гэсэн тайлбар хийв.

Тиймээс гадаадын иргэн чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх бол олон улсын зорчих эрхийг барих юм байна. Жилдээ Монгол Улсад 1.2 сая орчим гадаадын иргэн зорчдог аж. Үүнээс 50 мянга орчим нь 30 хоногийн хугацаатай зорчдог ажээ.

Мөн энэ үеэр харьяалалгүй иргэнийг чөлөөт бүсэд нэврүүлэх үү гэдэг асуудал хөндөгдлөө. Боловсруулсан дээрх хуулиудад энэ талын зохицуулалт тусгагдаагүй юм байна.

Албаны хүний тайлбараар бол Монгол Улсад харьяалалгүй иргэн хоёр байгаа аж. Өнгөрсөн жил харьяалалгүй иргэн Монгол Улсын хилээр нэвтэрсэн тохиолдол гараагүй. Гадаадын орнууд хөрөнгө мөнгөтэй хүмүүсийг эдийн засгийн ач холбогдолоо бодож бүртгэж авах хандлага нэмэгдсэн байна. Тиймээс Монгол Улсын хувьд паспорттой адилтгах бичиг баримт бүрдүүлээд чөлөөт бүсэд нэвтэрч бизнес эрхлэх заалтыг тусгаж өгөхөд буруудахгүй юм байна.

Алтанбулагийн боомт дээр ачаалал үүсчээ

Монгол Улс, ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчих боломжтой болсноор Алтанбулагийн боомт дээр ачаалал үүссэн байна. Хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтоор цагт 5-6 машин хүнийг л нэвтрүүлдэг аж. Хэрвээ үүнийг 2 дахин нэмэгдүүлчихвэл ачаалал багасна. Монголын иргэд хойд хөршийг олноороо зорьж буй нь рублийн ханш унаж, бараа бүтээгдэхүүний үнэ буурсантай нь холбоотой гэнэ.

Гэхдээ хойд хөрш 30 кг-аас дээш барааг шалгадаг, мөн татвар ногдуулдаг юм байна. Үүнээс зугатаалгахын тулд Алтанбулаг боомтын бүс нутагт амьдардаг иргэд, мөн Сэлэнгийнхэн бизнесмэнүүдийн ачааг жижиглэж зөөдөг. Энэ нь ч бас Алтанбулагийн боомт дээрх ачааллыг нэмэгдүүлж байна гэсэн тайлбарыг холбогдох албаны хүн өглөө.