Г.Баасан: Ахмадууд аз жаргалгүй амьдарч байна
Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан
2015.01.19

Г.Баасан: Ахмадууд аз жаргалгүй амьдарч байна

Монголын ахмадын чөлөөт холбооноос “Ахмадууд аз жаргалгүй байна”  сэдэвт хэвлэлийн бага хурал хийж, Монголын ахмадын холбоог хууль хяналтын байгууллагад шалгуулах болсон талаар мэдээллээ. Ямар үндэслэлээр ийнхүү шалгуулах болсон талаар Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасангаас тодрууллаа.

-Монголын ахмадын холбоог ямар шалтгаанаар хууль хяналтын байгууллагад шалгуулахаар болсон бэ?

-Монголын ахмадын холбоо нь нэг намын дэргэдэх улс төрийн байгууллага атлаа нийт ахмадад хүрч ажилладаг мэт худлаа мэлзэж, гадаад орнуудаар зугаалцгааж байсан. Үүнд хариуцлага тооцох цаг нь болсон гэж үзэж байгаа юм.

Тиймээс бид Монголын ахмадын холбоог төсвийн мөнгийг хэрхэн зарцуулж байсныг хууль хяналтын байгуулагад өгч шалгуулахаар болоод байна. Төсвийг үнэхээр зөв зүйтэй захиран зарцуулсан уу аль эсвэл хэсэг хүн, нэг нам дангаараа завшсан уу гэдгийг илчлэх цаг нь болсон.

-Хэд орчим төгрөгөөр санхүүждэг байсан юм бол?

-Зөвхөн Дархан-Уул аймгийн Ахмадын холбооны  нэг жилийн төсөв 148 сая төгрөг байдаг. Гэтэл аймгийн долоон мянган ахмад тус байгууллагыг огт мэддэггүй байгаа юм. Үүнээс л нэг намын харъяаны байгууллага болсон нь харагдаж байна шүү дээ.

-Ахмадууд тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлаар УИХ-д хандсан байгаа гэсэн үү?

-Өнөөдөр ахмадууд маань 90 хувь нь аз жаргалгүй амьдарч байна. Тиймээс тэтгэврийн дээд/сая төгрөг/ доод/172 мянган төгрөг/ хэмжээг ойртуулах хэрэгтэй. Хамгийн багадаа л гэхэд тэтгэврийн доод хэмжээг 350 мянган төгрөг болгох шаардлага байна. Ялгавартай тэтгэвэр авч байгаа хирнээ нэг үнээр мах, талхаа авна гэдэг бол байж болшгүй зүйл шүү дээ.

Мөн Монголын ахмадын чөлөөт холбооноос тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, нас барсан ахмадуудын зээлийг тэглэх хүсэлтийг УИХ-д хүргүүлээд байгаа. Одоо бол тэтгэврийн зээлийн сарын хүү 1.5 хувь, жилийн 18 хувь байгаа юм. Энэ бол олон улсын хэмжээнд хамгийн өндөрт тоооцогдох хүү юм.