Ж.Энхбаяр энхийг дэмжигчдээ Өмнөд Судан руу үдэж мордуулав
2012.06.04

Ж.Энхбаяр энхийг дэмжигчдээ Өмнөд Судан руу үдэж мордуулав

Өмнөд Суданд Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцох Зэвсэгт хүчний 126 цэргийн албан хаагч өчигдөр орой 20 цагийн орчимд Буянт-Ухаагийн нисэх буудлаас мордов. Африкийн Өмнөд Судан улс өнгөрсөн оны долдугаар сарын 9-ний өдөр тусгаар тогтнолоо зарлажээ. Судан гэсэн нэг дээвэр дор оршин тогтнож байсан тус улс тийнхүү өрх тусгаарласан нь шашин хоорондын болон улс төрийн олон учир шалтгаантай байлаа.

 

Өмнөд Суданыг тусгаар тогтонолоо тунхагласан тэр өдрүүдэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан  Ги  Мун   өөрийн  биеэр хүрэлцэн очиж, энх тайваныг бэхжүүлэх, хоёр Суданы мөргөлдөөнт байдлыг намжаахын тулд Олон улсын энхийг сахиулагчдыг илгээх тухай   анх   мэдэгдсэн   юм. Энэ үүднээс манай улсад хүсэлт тавьж, 850 хүний бүрэлдэхүүнтэй энхийг дэмжих батальоныг анх удаа тийш нь илгээхээр болжээ. Монгол Улсын Зэвсэгт хүчин   Олон   улсын  Энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 10 жилийн ойг төр засаг, олон нийтийн түвшинд өргөн дэлгэр тэмдэглэсний дараахан ийнхүү дээрх бүрэлдэхүүний эхний ээлж Өмнөд Суданд очиж буй аж. Буянт ухаад газардсан тусгай нислэгийн "jordan aviation a310 300" дугаартай онгоцны өмнө жигдрэн жагссан дайчдаа үдэн гаргах ёслолд Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Ц.Бямбажав оролцлоо.

Үдэлтийн цуглааныг нээж дэслэгч генерал Ц.Бямбажав хэлэхдээ "Өмнөд Суданд манай цэргийн багийн штабын бүрэлдэхүүн очоод байгаа. Өнөөдөр /өчигдөр/ тэргүүний ээлжийн бүрэлдэхүүн аяны гараанд гарч байна. Манай Зэвсэгт хүчин Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцсон 10 жилийн хугацаанд Монголынхоо нэрийг дэлхий дахинаа өндөр өргөж, монгол цэрэг гэж хэн бэ, монгол хүн гэж хэн юм бэ гэдгийг харуулж чадсан юм. Та бүхэн Монгол Улсынхаа төр засаг, Зэвсэгт хүчний командлалаас өгсөн үүргийг нэр төртэй биелүүлж ирнэ гэж найдаж байна" гэлээ. Цэргийн үлээвэр хөгжимд төрийн дуулал эгшиглэж, офицер ахлагч нар нь ёслон зогсох агшинг анзаарсан хэн ч гэсэн эх орон, эрэлхэг дайчдаараа бахархахгүй байхын аргагүй ажээ. Үдэлтийн энэ   арга   хэмжээний   үеэр Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр "Би цэргийн хүний гэрт төрж өссөн юм шүү дээ" хэмээн нэлээд уярангуй аясаар өгүүлж байсан юм.

 

Тэрбээр "Өнөөдөр та бүхэнд Монгол Улсын төр засаг нэр төртэй бөгөөд амаргүй, хариуцлагатай үүрэг оногдуулж байна. Африкт Өмнөд судан хэмээх шинэ тусгаар улс байгуулагдаж, төр засгаа төвхнүүлэх бэрхшээлтэй цаг хугацааг туулж байгаа юм. Энэ түүхэн үүргийг Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын болон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Зэвсэгт хүчинтэй хамтран гүйцэтгэх ариун үүргийг хүлээлээ. Энхийг дэмжих ажиллагаа нь амар хялбар зүйл биш ээ. Дотоодын зөрчил тэмцэл.улс төрийн сөргөлдөөн, иргэний дайн зэрэг хүнд бэрхэд тус орны ард түмэн олон жилээр чирэгдсэн. Та нар Суданы хэмээх тодотголтой Монголын түүхэнд орох багийг  бүрдүүлэн,   Зэвсэгт хүчнийхээ нэгэн алтан үеийг нээлээ. Ирак, Афганистан, Чад, Сьерра Леон, Косово зэрэгт үүргээ биелүүлсэн шигээ та бүхэн Өмнөд Суданд ч мөн амжилттай ажиллана гэдэгт бид итгэлтэй байна. Батлан хамгаалах яам, ЗХЖШ-аас та бүхний ар гэрийнхэнд байнга анхаарал халамж тавьж байх болно" гэсэн юм. Удахгүй тэдний дараагийн ээлж Өмнөд Судан руу явах ажээ. Ингэснээр дээрх 850 хүнтэй батальоны бүрэлдэхүүний 350 нь ойрын үед тэнд хүрч очих юм байна. Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, ЗХЖШ-ын дарга Ц.Бямбажав нар нар дайчидтайгаа нэг бүрчлэн салах ёс хийж гарыг нь чанга атгаж байлаа. Цэрэг эрс дараа нь онгоц руугаа цувран орж, төдхөн нисэн одов.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.