Залуу сайд Ж.Энхбаяр харин ч зангарагтай ажиллаж байна
2012.02.20

Залуу сайд Ж.Энхбаяр харин ч зангарагтай ажиллаж байна

-Төрийн генерал гэж байдгаас тэтгэврийн генерал гэж байдаггүй -

АН хамтарсан Засгийн газраас гарснаар Ардын намд Ардын засгаа байгуулах томоохон үүрэг тохиосон. Тийм ч учраас орон гарсан зургаан сайдаа томилоход Батлан хамгаалахын сайдаар Цэргийн нэгдсэн сургууль төгссөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг тохоон томилсон билээ.


Цэрэг эрийн гэр бүлд өсч, цэргийн хуаранд хатуу чанга дэглэм амсч, бас чиг гадаадад боловсрол эзэмшиж, Төрийн болон Төрийн бус байгууллагад хариуцлагатай алба хашиж гээд 40 эргэм насандаа багагүй зүйлийг амжуулсан Ж.Энхбаярыг Батлан хамгаалахын сайд болсон гэдэгтэй хэн ч маргахгүй билээ.

Тэрбээр сайдын ажил авснаас хойш балчирдахгүй гэдгээ, бас залуу хүн гэхэд зангарагтай нэгэн гэдгээ илт харуулж байна. Төр, цэргийн нэрт зүтгэлтэн, дэслэгч генерал аавын хүү тийм байхаас ч өөр яахав. Төрийн сайд эцгийнхээ нэрийг сэвтээхгүй байх унаган хүмүүжил, ухааны цараа, мэдлэг чадвар түүнд хангалттай бий. Ийм хүн иргэдийнхээ өөдөөс буудах цэргийн салбар байгуулна гэж ярих уу даа.

Зарим ангийн зэвсэг техникийг шинэчлэх тухай ярьсныг нь ичгүүргүйгээр мушгин гуйвуулчихлаа гэж БХЯ-ныхан гайхаж байна. Гүтгэгчид нь цэргийн алба хаах нь бүү хэл буу ч барьж үзээгүй хүмүүс байна лээ. Хүнийрхэх сэтгэлээр бус хэнээс ч илүү чин сэтгэлээр Батлан хамгаалах салбарынханд сайн хандах сайд ирсэнд цэргийнхэн, чөлөөндөө гарсан ахмад дайчид хүртэл баяртай байгаа. Армийг өргөтгөн зохион байгуулах өрнүүн цаг үед ажиллаж байсан цэргийн ахмадууд түүнийг аавынх нь зангарагаар алхам тутамд нь ажиж харж байгаа.

Тэр ч утгаараа түүнд алдаж гишгэх газар байхгүй. Аль ч яаманд, ямар ч сайдын үед баг бүрдүүлэх нэрээр баруун, зүүнгүй халаа сэлгээ хийж самардгийг монголчууд андахгүй мэддэг болоод удаж байна. Гэтэл залуу сайд Ж.Энхбаяр Монголын төрийн албанд жишиг болохоор анхны алхам хийж, гаднаас нэг ч хүн дагуулж ирэхгүй гэдгээ яамныхандаа эрс шулуухан мэдэгджээ. Товчхондоо бол төрийн онцгой чухал салбар БХЯ-нд зөвлөхөөсөө эхлээд жолоочоо хүртэл энгийн хүн дагуулж ирээгүй гэдгийг энэ салбарынхан мэдэж байна.

Надад улстөрийн зөвлөгч нар биш жинхэнэ цэргийн хэргийн шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй гэдэг үүднээс хандаж, хошууч генерал Я.Чойжамц, бэлтгэл хошууч генерал Д.Мягмар, Н.Жалбажав, Б.Шагдар нарыг газрын дарга, цэргийн бодлогын болон УИХ, Засгийн газартай харилцах асуудал эрхэлсэн зөвлөх, сайдын дэргэд ажиллах Эрдэмтэн, мэргэжилтнүүдийн зөвлөлийн даргаар томилсон.

Онцлог нь, тэд зөвхөн цэргийн дарга генералууд бус бүгдээрээ доктор, профессор цолтой эрдэмтэд байгаа нь ч нэгийг хэлнэ. Цэргийн алба, онол эрдмээ мэддэг ийм л генералууд сайдад шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөгч байж чадна шүү дээ. Тэтгэврийн хүмүүсийг ажилд томиллоо гэж “Өдрийн сонин”-д бичжээ. Тэгвэл төрийн генерал гэж байдгаас тэтгэврийн генерал гэж байдаггүй юм. Хэрэв үнэхээр л эрдэм чадвараараа энэ өндөр цолонд хүрсэн л бол алтан таван хошуутай мөрдөс, улаан канттай генерал дүрэмт хувцсаа насан турш өмсөх эрхтэй байдаг дэлхий нийтийн жишиг бий.

Бас туршлага, мэдлэгтэй чадварлаг генералуудыг зөвлөхөөр авч ажиллуулж болох тухай тусгай журам ч байдгийг энгийн хүмүүс яаж мэдэхэв дээ. Түүнээс гадна БХЯ-ныхан цэргийн дүрэмт хувцсаа өдөр бүр өмсч байх хэвшлийг энэ сайд л тогтоож өгчээ. Үүнийгээ дагаад илтгэх, ёслох зэрэг цэргийн дүрмийн зарим заалт ч зохих ёсоор хэрэгжиж байна.

Өмнө нь БХЯ-ныхан Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэдэг утгаар ихэвчлэн энгийн хувцас өмсдөг байжээ. Бас цэргийн ангид хүрэлцэн очиход нь мөнгөн аяга бэлэглэснийг сайд Ж.Энхбаяр “Сайн ажилтандаа өгөөрэй, ахиад надад ийм бэлэг өгөөд хэрэггүй шүү” гээд буцааж өгсөн нь гайхмаар содон шийдэл байлаа. БХЯ, Жанжин штабынхныг маш ажил хэрэгч байхыг шаардан, болохгүй бүтэхгүй асуудлыг хойш тавилгүй шуурхай шийдвэрлэж байгаа түүн шиг сайд өмнө нь байгаагүйд энэ салбарынхан ам сайтай байгааг онцлох хэрэгтэй.

Цэргийн ангиудын хамаг ажлыг нугалан, Энхийг сахиулах ажиллагаанд олноороо оролцон эх орныхоо нэрийг өргөдөг атлаа авдаг хэд нь доогуур байдаг ахлагч нарынхаа цалинг нэг шатлалаар ахиулан нэмэхээр болсонд ахлагч нар нь маш их баяртай байгаа гэнэ лээ.

Мөн орон сууцны асуудлыг ч нэн түрүүнд анхааралдаа авч дорвитой шийднэ гэжээ. Эрхэлсэн ажлаа эзний ёсоор хариуцаж чадахгүй байгаа хүмүүсийг эвийлж толгойг нь илээд байхгүй гэдгээ ч шинэ сайд ил тод хэлж байгаа гэнэ.
Цэргийн хоёр ангиас цэрэг дайчдынхаа хоолны махаас их хэмжээгээр хулгайлан зарсан ангийн захирагч хурандаа, ахлах тогооч, нярав зэрэг хүмүүс болон цэрэг зодсон дэслэгчийг ажлаас нь халахыг Жанжин штабт үүрэг болгожээ.

“Сайд Таныг сонсч байна” гэсэн нээлттэй утас ажиллуулж үнэтэй санал, шударга шүүмжийг чөлөөтэй хүлээн авч байгаа гэсэн. Мөн БХЯ улстөрөөс ангид байх ёстой гэдгийг бараг л өдөр бүр хэлж сануулж байгаа юм билээ. Ж.Энхбаяр богинохон хугацаанд энэ салбарт ямар салхи сэвэлзүүлж эхэлснийг хэн нэгэн хөндлөнгийнхөн биш, тухайн салбарынхан дүгнэх ёстой баймаар.

С.Ууганбаяр

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.