Засгийн газар легитим шинжээ алдсан
Төрийн минь сүлд өршөө гэж залбирдаг ард түмэн төрдөө итгэх итгэл суларч байна. Төр засаг бол улс орноо зөв бодлогоор удирдаж, ард олноо хангалуун сайхан амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх үүрэгтэй.
“Хүн шиг амьдруулна”, “Улс шиг хөгжүүлнэ” гэж амлалт өгч гарч ирсэн эрх баригчид хоёр жилийн дотор улс орноо ямар байдалд хүргэв. Доллар, юанийн хэт өсөлт нь жилийн дотор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг огцом өсгөлөө.
Оны өмнөхтэй харьцуулахад хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ 59,8 хувиар өссөн судалгааг үндэсний статистикийн хорооноос саяхан мэдээлэв. Үнийн өсөлтөөс үүдэн иргэдийн худалдан авах чадвар өдөр ирэх тусам дордож, үнийн өсөлтийн хурд өрхийн орлогыг гүйцэж түрүүллээ.
Худалдан авах чадвар буурахаар амжиргаа дордоно, ядуурал нэмэгдэнэ, үүнээс харахад засгийн бодлого иргэдээ ядуурал руу түлхэж байна уу гэлтэй. Нөгөө талд нь үнийн өсөлттэй уялдаж цалин, тэтгэвэр нэмэгдэхгүй байгаа нь эдийн засгийн буруу чиг хандлага юм. Хөдөлмөрийн харилцааг эдийн засгийн зөв бодлоготой уяхгүйгээр улс орон хөгжихгүй. Хүний хөдөлмөрийг үнэлэхгүй нийгэмд хүмүүс ажиллах сонирхолгүй болдог.
Хамгийн эрүүл чийрэг, эрдэм номтой, ид ажиллах хүч нь өндөр цалин хараад гадагшаа яваад өгч байна. Зах зээлийн нийгэмд хүн өөрийн хөдөлмөрөө үнэлүүлсний үндсэн дээр мөнгө (цалин) авдаг бол зах зээлийн бус нийгэмд хөдөлмөрийг нь сорсны хариуд төмөр зүүж өгдөг. Бид “Зах зээлийн нийгэм” нэртэй галт тэргэнд суугаад 20 гаруй жил боллоо.
Солонгост ажиллаж байгаад 2012 онд ирсэн залуу ийнхүү хэлж байна. “Монголоос ирсэн дарга, эдийн засаг өсөөд байна, эх орон чинь хүүгээ хүлээж байна гэх үгийг сонсоод нутагтаа ирсэн ч ажил олдохгүй, жижиг бизнес хийх гээд бүтээгүй буцаад Солонгос явлаа” гэв. Энэ бол бодит байдал. “Чингис” ба “Самурай” бонд, БНХАУ-ын Хөгжлийн банкны зээлийн зарцуулалт тодорхойгүй, өндөр хүүтэй эргэн төлөгдөх энэ зээлээр яг юу хийж бүтээв гэдэг тайлангаа нээлттэй хэлэлцүүлэх ёстой.
Ард олныхоо итгэлийг алдсан засаг амжилттай ажиллах боломжгүй. Өөрөөр хэлбэл засгийн газар легитим шинжээ алдчихлаа.
Өнөөдөр сайн, муугаа ярихгүй нуугаад байвал ирээдүйд өрийн маш хүнд дарамтанд орох эрсдэлтэй. Гадаадын хөрөнгө оруулалт 2012 онтой харьцуулахад 50 хувь, 2013 оны 6 сартай харьцуулахад 34 хувь буурсан бол ОУВС-ийн мэдээлснээр манай улсын нийт гадаад өр 19,2 тэрбум долларт хүрлээ. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногтой уралдан 1 доллар 1870 төгрөг болон чангарч, түүхэн дээд амжилтын тогтоон эрчимжлээ. Үндсэндээ засгийн бодлого буруу замаар будаа тээж байна. Ард олныхоо итгэлийг алдсан засаг амжилттай ажиллах боломжгүй. Өөрөөр хэлбэл засгийн газар легитим шинжээ алдчихлаа.
Легитим гэдэг Франц үгийг заримдаа хууль ёсны гэж орчуулан хэрэглэдэг ч үндсэн утга санаа нь өөр юм. Засгийн газар бүр хууль ёсны байдаг ч легитим шинжгүй байж болно. Легитим шинж гэдгийг олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх байдал гэдгээр ойлгох нь илүү оновчтой. Засгийн нэр хүнд олон түмний дунд унаж, хүлээн зөвшөөрөгдөх байдлаа алдаж байгаа нь легитим шинжээ гээчихлээ гэж ойлгож болно.
Дэлхийн улс орнуудыг ажиглаж байхад эдийн засгийн үр ашигтай бодлого явуулж, нийгмийн дэг журмыг бэхжүүлж, хүн амын аж амьдралыг дээшлүүлснээр легитим шинжээ олж авч байна. Олон түмнээс дэмжлэг хүлээхээ больж легитим шинжээ алдсан засаг тухайн бүтцээрээ сэргэлт авахад хүнд байдаг. Тйимээс гал унтраах арга хэмжээг ойрмогхон авахгүй бол намраас байдал улам хүндрэх төлөв ажиглагдаж байна.
ЖАГСААЛТЫН ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХ НЬ БУРУУ
2012 оны сонгуулийн гол онцлог бол пропорционал системийг ашиглан жагсаалтаар 28 хүн шууд гишүүн болох боломжийг хуулиар олгосон юм. Одоо арвыг нэмээд 38 хүнийг жагсаалтаар гишүүн болгох санаачлагыг эрх баригчид санаачлаад явж байна.
Японы парламент (доод танхим) 480 гишүүнтэй үүний 300 нь сонгуулийн тойргоос өрсөлдөж гарч ирдэг бол 180 нь л жагсаалтаар 11 мужаас сонгогддог, авилга хүнд сурталгүй хөгжлийн загвар болсон Шинэ Зеланд улс 3,8 сая хүнтэй 120 гишүүнтэй тэдний олонх нь тойргоос сонгогддог. Улс орны хөгжил буурай, сонгогч байтугай улстөрийн намууд төлөвшиж амжаагүй одоогийн нөхцөлд намын нэрээр буюу жагсаалтын гишүүд олшрох нь төр ард түмний холбоог тасалдуулах гэмтэй.
Төр ард түмнээсээ холдох тусам буруу шийдвэр гарч, үл ойлголцол үүсч бослого тэмцэл идэвхждэг.
Дэлхийн 199 орны 46 хувь нь мажоритар системээр, 36 хувь нь продорционал системээр 15 хувь нь холимог системээр, үлдсэн 3 хувь нь энэ хэдийн аль нэгийг ашиглаж байгаа.
Эртний Грект Демос буюу боловсролгүй нөхдүүд жагсаалтаар бингодон гарч ирээд улс орныг самрах аюултай тухай сануулан бичсэн байдаг. Дэлхийн 199 орны 46 хувь нь мажоритар системээр, 36 хувь нь продорционал системээр 15 хувь нь холимог системээр, үлдсэн 3 хувь нь энэ хэдийн аль нэгийг ашиглаж байгаа. Сонгуулийн систем бүр өөрийн давуу болон сул талуудтай. Мажоритар систем нэр дэвшигч сонгогч хоёр нүүр тулан уулзах боломжийг олгодог давуу талтай ч санал гээгддэг сул талтай.
Пропорционал систем санал бүр төлөөлөгдөх боломжтой байдаг ч улстөрийн намууд шинээр үүсэх боложийг бүрдүүлснээр намуудыг бутралд, улстөрийн амьдралыг задралд хүргэх эрсдэлтэй болгодог. Бутрал задрал биш эв нэгдэл, ойлголцол манай улстөрийн амьдралд илүү чухал байгаа учраас дээрх системээр сонгогдох жагсаалтын гишүүдийн тоог нэмэх нь буруу.
ХОЁР ДАРААЛАН ЖАГСАХГҮЙ БАЙХЫГ НАМУУД ДҮРМЭНДЭЭ ОРУУЛАХ
1 хүн нэг л удаа жагсаалтаар гишүүн болох боломжтой байх. Хоёр дараалан жагсана гэж байж болохгүй. Үүнийг улстөрийн намууд дүрмэндээ оруулах нь зүйтэй байх. Өөрөөр хэлбэл 2012 онд жагсаалтаар сонгогдож УИХ-ын гишүүн, Нийслэлийн төлөөлөгч болсон бол 2016 оны сонгуульд жагсаалтанд нэрээ оруулахгүй байна гэсэн санаа.
Өнгөрсөн түүхээ 20 хувь, ирээдүйн хөгжлийг 80 хувь ярих, төлөвлөх, бүтээх хэрэгтэй. (Паретогийн 80/20-ын зарчмаар)
Тойрогт өрсөлдөх эрх нь нээлттэй. “Лондон Хонконгийг холбосон шилэн кабелийг Монголоор дайруулна, Талх гурилын үнийн өсөлтөөс хамгаалах сан байгуулж, зөрүүг иргэдэд олгоно” гэх мэтээр худлаа амладаг нөхөд л жагсаалт руу зүтгэдэг.
Ер нь намууд жагсаалтыг урамшуулал болгож, худал амладаг нөхдүүдээ багтаадгаа өөрчлөх аваас улстөрийн соёлын хувьд урагшаа нэг алхана. Мөн хүн ам их өссөн учраас парламентийн гишүүний тоог 76 биш 99 болговол улс орон хөгжинө гэх зүйлийг саяхан “Дуусдаггүй яриа” нэвтрүүлгээр нэг гишүүн ярьж байна.
Жишээ нь Сингапур 4 сая хүнтэй, парламентийн 84 гишүүнтэй тэд хөгжөөд болоод л байна. Манай гишүүдийн тоо багадаагүй тэдний идэвх оролцоо, санал санаачлага, хүчин чармайлт л багадаж байгаа.
Хууль тогтоох, гүйцэтгэх засаглалыг салгах нь зүйтэй. Гишүүн, сайдууд давхар дээлээ тайлаад гишүүн нь гишүүнийхээ ажлыг, сайд нь сайдынхаа ажлыг хийвэл хүндрэл гарахгүй.
Төгсгөлд нь...
Маяачуудыг өнгөрсөн цаг дээр ярьдаг шиг Монголчууд бид “Чингис, Чингис” гэж хий хоосон цээжээ дэлдээд байвал өнгөрсөн үе дээрээ л үлдэнэ. 13-р зуунд Монголчууд хүчихрэг байсан нь үнэн, үүнийг үгүйсгээгүй гэхдээ 21-р зуунд яаж хүчирхэг болох вэ гэдэг нь илүү чухал байна. Хөгжсөн жижиг улс хэнд ч дээрлэхүүлэхгүй, харин хөгжөөгүй жижиг улсыг хэн ч тоохгүй. Өнгөрсөн түүхээ 20 хувь, ирээдүйн хөгжлийг 80 хувь ярих, төлөвлөх, бүтээх хэрэгтэй. (Паретогийн 80/20-ын зарчмаар) Монгол улс хүнээ хөгжүүлж байж л дараагийн шатанд гарна. Хүн төвтэй хөгжил дэлхий нийтийн чиг хандлага болж байна. Хүн бол улс үндэстний жинхэнэ баялаг юм.