М.Сономпил: V Цахилгаан станцыг энэ онд барьж эхэлнэ
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпилийг “Ярилцах танхим ’’-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Шинэчлэлийн Засгийн газар “Эрчим хүчний салбарт томоохон ажлууд эхлүүлнэ” гэж мөрийн хөтөлбөртөө тусгасны дагуу нэлээд ажил хийж байна. Гэхдээ өргөтгөлийн ажлууд тийм ч урт настай биш гэсэн шүүмжлэл байна?
-Хамгийн чухал атлаа хамгийн хоцрогдсон, бусад яамны бөөрөнд наалдаж үйл ажиллагаа явуулдаг байсан эрчим хүчний салбарыг бие даасан яам болгосон нь Шинэчлэлийн Засгийн газрын хийсэн чухал алхмуудын нэгд зүй ёсоор орно. Манай салбарт сүүлийн 30 жил ямар ч хөрөнгө оруулалт хийгдээгүй гэхэд болно. Үүнээс болоод эрчим хүчний салбарын хөгжил бусад салбарын хөгжлөөс хол хоцорсон.
Энэ асуудлыг Шинэчлэлийн Засгийн газар олж харсны үндсэн дээр энэ салбарт хөрөнгө оруулалт хийх, татах ажлуудыг эхлүүлсэн. Өсөн нэмэгдэж буй хэрэгцээг саадгүй хангахад их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай.
V цахилгаан станц, Тавантолгойн станцыг барих шаардлага тулгараад байгаа.
Дээрх цахилгаан станцыг барих асуудал маш олон жил яригдсан. Одоо ажил хэрэг болголоо гэхэд дор хаяж 3-5 жил шаардлагатай учир бид эхний ээлжинд дунд хугацааны хөтөлбөр боловсруулан одоо ажиллаж байгаа цахилгаан станциудыг өргөтгөх ажлуудыг хийж байна. Өөрөөр хэлбэл, томоохон төслүүдийг бэлэн болтол урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж байна гэж хэлж болох юм.
Тухайлбал, ТЭЦ IV цахилгаан станцыг 120 мВаттаар өргөтгөх бололцоотой гэсэн судалгаа гаргасан байсныг бодит ажил болгохоор ажиллаж байна. Энэхүү өргөтгөлийг хийснээр ТЭЦ IV цахилгаан станцын хүчин чадал одоо ажиллаж байгаа ТЭЦ III цахилгаан станцын хүчин чадлыг нэмсэнтэй тэнцэхүйц болох юм.
Аравдугаар сарын 15 гэхэд энэ ажил бүрэн дуусна гэсэн тооцоо гарсан. Мөн ТЭЦ III цахилгаан станцид 50 мВаттын өргөтгөл хийлээ. Дорнодын станцид 100 мВаттын өргөтгөлийн ажил хийхээр тендер зарласан. Дархан болон Эрдэнэтийн дулааны станцид 35 мВатгын өргөтгөлийн ажил хийж байна.
Энэ бүх өргөтгөлийг хийснээр манай улс дунд хугацаандаа ОХУ-аас цахилгаан импортлохгүй байх боломжтой болно. Эдгээр өргөтгөлийн ажльгг хийснээр томоохон хэмжээний бүтээн байгуулалтын станциудыг ашиглалтад ортол торгоож чадна гэсэн тооцоо гарсан.
-Цахилгаанаас гадна Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудын нэг нь дулаан болоод байгаа. Энэ асуудлыг шийдэх “Амгалан” дулааны цахилгаан станцыг өргөтгөх ажил ямар шатанд явна вэ?
-Улаанбаатар хотын зүүн хэсгийн доголдсон дулааны асуудлыг шийдэх үүднээс Засгийн газраас 300 мВатт хүчин чадал бүхий “Амгалан” дулааны станц барих шийдвэрийг өнгөрсөн жил гаргасан. Дулааны станц барих ажил газар чөлөөлөх асуудлаас болж удааширсан одоогийн байдлаар 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.
“Амгалан” дулааны станцыг арваннэгдүгээр сар гэхэд ашиглалтад оруулна. Би уг станцыг барих ажлын явцтай долоо хоног бүр очиж танилцаж байгаа хүний хувьд төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно гэсэн итгэлтэй байгаа.
-Та сая эрчим хэрэгжих томоохон болтол өсөн нэмэгдэж тасралтгүй хангах хугацааны хөтөлбөрүүд боловсруулсан гэсэн. Гэтэл томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт одоо болтол тодорхойгүй байна. Энэ байдлаараа та бүхний яриад байгаа томоохон төслүүд цаг хугацаандаа ажил хэрэг болох уу. Тухайлбал, станцад хөрөнгө оруулахаар сонирхогчид эрчим хүчний салбарын өр, үнээс болоод эргэлзээд байгаа гэсэн?
-Өр, авлагын сүлжээ үүсчихсэн манайх шиг салбарт гаднаас хөрөнгө оруулалт татах нь маш том асуудал болж хувирсан нь үнэн. Хөрөнгө оруулагчид татгалзсаны үндсэн дээр л V цахилгаан станц барих асуудал найман жил гаруй хугацаанд яригдсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс хамгийн түрүүнд эрчим хүчний үнийг судалж байна.
Одоогийн байдлаар манай улс айл өрхөд нэг киловатт цахилгааныг 79 төгрөгөөр түгээдэг. Энэ үнийг судлаад алдагдалд орно гэсэн тооцоо гаргаж, цааргалсан тал асуудал бий. Тиймээс эрчим хүчний үнэд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж байж хөрөнгө оруулалт татах нөхцөл байдал үүсээд байгаа. V цахилгаан станцын хувьд өнгөрсөн наймдугаар сард тендер зарлаж, гүйцэтгэгчдийг шалгаруулсан. Шалгарсан консерциумтай манай яам болон Эдийн засгийн хөгжлийн яам хэлэлцээр хийгээд явж байна.
Асуудлыг Засгийн газрын хуралдаанд саяхан танилцуулж, Хөрөнгө оруулалтын гэрээ хийх эрхээ Эдийн засгийн хөгжлийн сайд үүргийнхээ дагуу авсан. Хөлийн голын хөндийд 43 га газарт V цахилгаан станцыг барихаар судалгаанууд хийж байгаа. Энэ сардаа багтаад ерөнхий гэрээгээ баталчихвал дагалдах долоон гэрээг намар гэхэд байгуулчихна гэж тооцоолсон. Үүний дараа хөрөнгө оруулалт
V цахилгаан станц
шийдэгдэж, V цахилгаан станц барих ажил эхэлнэ. Мөн Өмнөговьд уул уурхайг түшиглэсэн
цахилгаан станц барих шаардлага үүссэний улмаас Тавантолгойд 450 мВаттын хүчин чадал бүхий цахилгаан станц байгуулах ажлыг Засгийн газрын шийдвэрийн дагуу эхлүүлсэн. Одоогийн байдлаар газрын судалгаа хийж, газраа аваад ТЭЗҮ-г нь боловсруулан, байгаль орчны үнэлгээг хийлгэсэн.
Маргааш, нөгөөдөр болох хөрөнгө оруулагчдын чуулганаар хөрөнгө оруулагчидтайгаа уулзаж, үлдсэн асуудлаа шийдэх хэлцэл хийхээр төлөвлөсөн. Мөн Шивээ-Овоод цахилгаан станц барих тендер зарласан. Зүүн, дорнод болон төвийн бүсийг цаашид байнга эрчим хүчээр хангах үүднээс Багануурт 700 мВаттын хүчин чадал бүхий цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа. Баруун бүсийн гурван аймаг ОХУ-аас эрчим хүчээ авдаг байдлыг халах үүднээс баруун бүсэд 60 мВаттын хүчин чадал бүхий станц барих шаардлагатай бий. Энэ бүх ажлыг энэ жил эхлүүлэхээр ажиллаж байна.
-Тавантолгойд станц барих төслийн нэгжийн удирдагчаар М.Энхсайхан дарга ажиллаж байгаа бил үү. Дэд бүтцийн асуудлыг ямар хөрөнгөөр шийдсэн юм бэ?
-Тийм, төслийн нэгжийн даргаар М.Энхсайхан дарга ажиллаж байгаа. Засгийн газрын шийдвэрээр Хөгжлийн банк “Чингис” бондын мөнгөнөөс 50 сая ам.доллар зарцуулах эрх өгсний дагуу ажлууд хийгээд явж байна. Энэ онд багтаад станцын ажлыг эхлүүлэхээр ярьсан.
-Эрчим хүчний үнийг нэмэх асуудлыг улстөржүүлдэг байдлаас болоод салбар хариуцсан сайд нар нь өнгөрсөн хугацаанд энэ талаар ам ангайж чаддаггүй байсан. Та сая үнийн асуудлаас болоод хөрөнгө оруулагчид ашиггүй ажиллахгүйн тулд хөрөнгө оруулахаас татгалздаг гэлээ. Мэргэжлийн хүмүүс “Эрчим хүчний үнийг чөлөөлж, төрийн өмчийн компаниудын 49 хувийг хувьчлах замаар энэ салбарын асуудлыг шийдэх боломжтой” гэдэг юм билээ. Таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Эрчим хүчний салбар энэ жил 91 дэх жилийнхээ ойг угтаж байна. Өнгөрсөн хугацаанд 100 хувь төрийн хяналтад байсаар ирсэн. Энэ салбарын жаргал, зовлонг мэддэг хүмүүслйн хэлж байгааг судалсны үндсэн дээр ч тэр, тэргүүлж ажиллаж байгаагийн хувьд ч тэр тодорхой хэмжээний салхи оруулах хэрэгтэй гэдэгтэй би санал нэгддэг.
Төрийн мэдэлд 100 хувь байна гэдэг бүх асуудал хаалттай байгаа гэсэн үг. Тиймээс энэ салбарт иргэд хяналт тавьж, хувийн хэвшлийнхэн гар бие оролцох ёстой. Энэ талаарх судалгаа, тооцоог ТӨХ-той хамтарч хийж байгаа. Үүнээс гадна эрчим хүч, дулааны үнийг улстөржүүлчихдэг л болохоос маш бага байгаа гэдгийг иргэд ойлгох ёстой.
Бид орон сууц болон гэр хороололд амьдардаг өрхүүдэд судалгаа хийсэн юм. Хоёулаа, гурван ам бүлтэй өрхийн гишүүн бүр нь гар утас хэрэглэдэг. Гар утасныхаа хэрэгцээнд сард 200 орчим мянган төгрөг төлдөг гэсэн ижилхэн тооцоо гарсан. Харин орон сууцны айл цахилгаан, дулааныхаа хэрэгцээнд зориулж сард 35-40 орчим мянган төгрөг зарцуулдаг байхад гэр хорооллын айл мөн л ялгаагүй гар утасныхаа хэрэглээнээс маш доогуур мөнгийг цахилгаандаа зарцуулж байх жишээтэй.
Гэтэл бид цахилгаан, дулааны үнийг сард 3000 орчим төгрөгөөр нэмж, доголдлыг нь шийдэх тухай яриад эхлэхээр улстөрчид улстөржүүлээд эхэлдгээс болоод одоо болтол энэ салбарын асуудал шийдэгдээгүй. Засгийн газраас эрчим хүчний үнийг чөлөөлөх шийдвэр гаргасан. Энэ бүхнийг ажил хэрэг болгохын тулд бид тооцоо, судалгаа хийж байна. Тиймээс
Эрчим хүч, дулааны үнэ цаашид аажмаар нэмэгдэнэ
.
Гэхдээ өрхийн сарын хэрэглээн дээр 3000-4000 төгрөг л нэмэгдэнэ гэдгийг дахин сануулах гэсэн юм. Нөгөөтэйгүүр, бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг компаниудын цахилгаан, дулааны үнийг нэмэх бодлого баримтална. Ингэж чадвал иргэдэд дарамт ирэхгүй. Юуны төлөө энэ бүх ажлыг хийх гээд байгаа юм бэ гэвэл, импортын эрчим хүчнээс татгалзах, доголдлыг үгүй хийхийн тулд гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй юм.
-Таныг саяхан Хятад улсад айлчлах үеэрээ томоохон хүчин чадал бүхий цахилгаан станцын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэн гэж сонссон. Энэ талаар тодруулна уу?
-Томоохон хүчин чадал бүхий цахилгаан станц Монголд барихаар- хоёр тал санал нэгдэж, санамж бичигт гарын үсэг зурсан. Наймдугаар сард Хятадын Ерөнхийлөгч Монголд айлчлах үеэр энэ асуудлыг эцэслэн шийдэх байх.
Манай цахилгааны хэрэгцээ 800 мВатт. Тиймээс энэ станцыг барьчихвал бид цахилгааны хэрэгцээгээ 100 хувь хангаад зогсохгүй эрчим хүч экспортлох боломжтой болох юм. Нүүрс экспортлохын тулд төмөр зам барих асуудал дээр маргалдаж, байгаль орчноо сүйдэлж байхын оронд нүүрсээ эрчим хүч болгоод экспортлох нь хэд дахин илүү ашигтай гэдэг нь хэнд ч ойлгомжтой.
-М.Энхсайхан даргыг Тавантолгойн цахилгаан станц барих төслийн нэгжийн удирдагч болоход “М.Сономпил намынхаа даргад ажил олж өглөө” гэсэн яриа гарсан байх аа?
-М.Энхсайхан гэдэг хүн намын дарга гэдэгт гол асуудал байгаа юм биш. Том төслийг ажил хэрэг болгоно гэдэг нэг яам, Засгийн газрын ажил гэхээс илүүтэй улс орны эрх ашгийн асуудал. Тиймээс ийм төслийг ажил хэрэг болгох чадалтай хүнээр удирдуулах нь чухал асуудал болж хувирсан юм.
М.Энхсайхан даргын хувьд улстөрчөөс гадна мэргэжлийн эдийн засагч хүн учир ийм хэмжээний төслийг аваад явах чадалтай гэж би үзсэн. Тэр ч үүднээс томоохон баг хийж чадах энэ хүнд ажлыг М.Энхсайхан даргыг удирдаач гэдэг хүсэлт тавьсан. Би сонголтондоо сэтгэл хангалуун байгаа. Энэ ажил маш сайн явж байгаа. Нэг жилийн дотор босгоод ирчихсэн шүү дээ. Ер нь манайхан ийм хэмжээний том төслийг яамныхаа нэг мэргэжилтэнд хариуцуулдгаас болоод тийм ч амжилттай хэрэгжиж байгаагүй юм болов уу.
Тавантолгойн станцыг барих төслийн нэгжийнхэн 30-уулаа атлаа толгой өндийх завгүй байгаа гэдгээс юу гэж хэлэх гээд байгаа маань тодорхой болох байх. ТЭЦ Ш-ийн өргөтгөлийн ажил ч энэ зарчмаар явж, маш богино хугацаанд амжилттай хэрэгжлээ шүү дээ. Манай яамны дэргэдэх Эгийн голын усан цахилгаан станцын төслийн нэгжийн даргаар УИХ-ын гишүүн асан Д.Одхүү ажиллаж байгаа.
Олон жил яригдсан V цахилгаан станцын төслийн нэгжийн даргаар “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний дарга байсан н.Болдбаатар ажиллаж байна. Яагаад би ийм том төслүүд дээр улстөрч, эдийн засагч хүмүүсийг ажиллуулж байгаа вэ гэхээр энэ төслийг босгоод ирж чадна гэж найдсаных.
Тэдэнд мөнгө байхгүй шүү дээ. Тиймээс хөрөнгө оруулалт босгож, ажлыг урагшлуулахад тодорхой хэмжээний нэр хүндтэй, улс төрийн мэдлэгтэй, мэргэжлийн хүмүүс гарцаагүй хэрэгтэй байгаа юм. Цаад шалтгаан нь ийм байхад хүмүүс хардаад байгаа нь сонирхолтой байдаг юм.