О.Баасанхүү: Х.Тэмүүжинг өмөөрснөөр өөрт нь гоё харагдаж болно. Харин Монгол Улсын иргэд хохирох ёсгүй
Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд гишүүд “Мэдээлэл хангалтгүй байна” гэдгээр хойшлуулсан юм. Мөн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин О.Баасанхүү гишүүний тавьсан шаардлагыг няцааж, үгүйсгэв. Ингээд УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн байр суурийг сонслоо.
-Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудалд АН-ын гишүүд бас л толгойг нь илж байгаад аваад үлдэхийг эрэлхийлж байх шиг байна. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Д.Ганбат гишүүн “Мэдээлэл байхгүй байна” гэдгээр хойшлууллаа. Би үүнийг шалтгаан гэж ойлгохгүй, шалтаг гэж үзэж байна. УИХ-ын гишүүн мэдээлэл байвал иргэн Дорж, Дулмаа ямар юмынх нь мэдээлэлтэй байх билээ. Ингэж ард түмнийхээ өмнө эвгүй байдалд орж, утгагүй зүйлээр хойшлуулж байгаад харамсч байна. Ерөнхийдөө хэлэлцээд явах хэрэгтэй байсан.
Өнөөдөр Х.Тэмүүжингийн яриад байгаа зүйл үнэн байна уу. Эвсэл Баасанхүүгийн гаргах гээд байгаа баримт үнэн байна уу гэдэг л асуудал. Төсвийн тухай хууль зөрчсөнийг Х.Тэмүүжин сайд “Надтай биш Засгийн газартай ярь” гэж байна. Үнэн хэрэгтээ Засгийн газар камнитийн зарчимтайгаас гадна төсвийн ерөнхийлөгчин захирагчид хариуцлага хүлээлгэнэ гэж 42.7-д заасан байгаа.
Мөн “Аппарат эвдрээгүй, зогсоосон” гэх юм. Гэтэл Улсын ерөнхий прокурорын Сагсай, Цагдаагийн Ерөнхий газар, АТГ-аас “Аппарат эвдэрсэн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн” гэдэг албан бичиг ирүүлсэн. Харин эвдрээгүй зүйл дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн бол тухайн хуулийн байгууллага мулгуй байгаагийн хэрэг. Гэвч Хууль зүйн сайд нь “Эвдрээгүй, салгасан. Очоод үз” гэж байна. Тэгэхээр хүн худлаа ярьж болно хамгийн гол нь баримттай зүйл байхад ингэж харих нь харамсалтай.
-Таны тавьж байгаа шаардлага бүгд баримт, нотолгоотой байгаа гэсэн үг үү?
Одоо яагаад Х.Тэмүүжингийн ёс зүйг ярьж болохгүй гэж. Хууль хүн болгонд тэгш үйлчлэх ёстой.
-Бүгд баримт, нотолгоо, үндэслэлтэй. Гишүүдийн хувьд хар тамхитой холбоотой зүйл дээр эмзэглээд “Бидэнд мэдээлэл алга” гэж байна. Миний хувьд энэ хүн хар тамхины хэрэгт холбогдсон, орооцолдсон учраас гэдгээр тогтоолын төсөл өргөн бариагүй. Би шүүдэг, хянадаг, нотолдог байгууллага биш. Хамгийн гол нь цахим ертөнцөөр ёс зүйгүй үйлдэл гаргасан. Би доод агентлагийнхаа хүмүүстэй ёс зүйгүй хандахаа болиоч.
Үнэн байвал шалгуул, нотлуул гэдгээр хандсан. Хар тамхи гэдэг бол гадаадаас Монгол Улсад шидэж байгаа чулуу гэж ойлгох хэрэгтэй. Гадаадын улсад хар тамхи хэрэглэж, зөөвөрлөсөн гэдгээр монгол иргэд баригдаад байгаа. Харин манайд хилээр орж ирснийх нь дараа бариад байгаа асуудал бий. Тэгэхээр би хуульч хүнийхээ хувьд Хууль зүйн сайдад ёс зүй байх ёстой гэдэг асуудал тавьсан. Түүнээс биш Хууль зүйн байнгын хороо шалгадаг, нотолдог байгууллага биш. Ёс зүйн асуудлаар нь шаарддаг. Тэгэхээр миний хувьд шаардах ёстой үндэслэлийг яриад байгаа юм.
-Таны хувьд Ёс зүйн дэд хороонд хандсан. Ямар нэгэн хариу ирүүлсэн үү?
-Хуулиараа бол нэг сарын дотор хариу өгөх ёстой. Хугацаа нь өнгөрчихөөд байхад хариу өгөхгүй л байна. М.Батчимэг гишүүн У.Хүрэлсүх, Г.Баярсайхан хоёрын зодооныг хараад ёс зүйгүй байдлыг яриад байсан. Мөн С.Баярцогтын асуудалд ямар мундаг ёс зүй ярилаа. Одоо яагаад Х.Тэмүүжингийн ёс зүйг ярьж болохгүй гэж. Хууль хүн болгонд тэгш үйлчлэх ёстой. Тийм учраас миний хэлээд байгаа санаа бол энэ асуудлыг хэлэлцэх ёстой гэж үзэж байна.
Өдөр тутмын хэргүүдийн тоо өнөөдөр ард түмнийг мөлхүүлээд байгаа. Шинэчлэл гэдэг шинэ юм хийхдээ биш. Хуучин зүйлээ сайжруулж, өмнөх байгаагаас илүү үр дүн гаргах ёстой.
Хууль зүйн салбараас шударга ёсыг шаардах ёстой. Гэтэл ийм үндэслэлээр асуудал тавихад шалихгүй шалтлагаар хойшлуулж байгааг ойлгохгүй байна. Ёс зүйн дэд хороо ёс зүйтэй байх хэрэгтэй. УИХ ёс зүйтэй байж иргэн хүнээс ёс зүй шаардана. Би Х.Тэмүүжин гэдэг хүнийг төгс бай гэж шаардаагүй. Хүн болгон сайн, муу алдаа гаргадаг. Хамгийн гол нь энэ хүн худлаа ярихаа болиоч гэдгийг хэлээд байгаа юм.
-Х.Тэмүүжин сайд “Гэмт хэргийн тоо өсч байгаа нь эдийн засагтай холбоотой. Цаашид улам өснө” гэдэг зүйл ярьсан. Та үүнийг юу гэж үзэж байна?
-Асуудлын гол нь эдийн засаг, гэмт хэрэг гарсандаа биш. Гэмт хэрэг илрүүлснийг ярих ёстой. 300 гэмт хэрэг гарч болно. Үүнийг Х.Тэмүүжин сайд хийгээд байгаа юм биш. Хамгийн гол нь гараад байгаа гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, илрүүлэх бодлогынхоо баримт бичгийг гаргаад ирэхэд болно.
Миний хэлээд байгаа зарчим илрүүлэлт. Хулгай, хүн амины хэрэг гамшгийн хэмжээнд очоод байгаа болохоос биш нийгэм ядуу байгаагаас гэмт хэргийн тоо өснө гэж харж болохгүй. Өдөр тутмын хэргүүдийн тоо өнөөдөр ард түмнийг мөлхүүлээд байгаа. Шинэчлэл гэдэг шинэ юм хийхдээ биш. Хуучин зүйлээ сайжруулж, өмнөх байгаагаас илүү үр дүн гаргах ёстой.
Миний ганц мэддэг салбар хууль зүйн болохоор үүнийг яриад байгаа юм. Өөрөөр хэлбэл, Х.Тэмүүжин гэдэг хүнд туслах гэж байгаа хэрэг. Түүнээс биш мууг нь үзэх гэсэн юм алга. Миний санаанаас аваад энэ хүн жаахан ч гэсэн зөв яваасай гэснээс биш өөрийгөө өмөөр гээгүй. Энэ хүнийг өмөөрч байгаа нь өөрт нь гоё харагдаж болно. Харин Монгол Улсын иргэд хохирох ёсгүй.