”Төсвийн харилцаа ба тэнцвэржүүлэх шилжүүлгийн систем” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг болов
”Төсвийн харилцаа ба тэнцвэржүүлэх шилжүүлгийн систем” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг болов
2014.04.15

”Төсвийн харилцаа ба тэнцвэржүүлэх шилжүүлгийн систем” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр "Төсвийн харилцаа ба тэнцвэржүүлэх шилжүүлгийн систем" сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг болов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтарч хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд түүнд эдийн засагчид, их, дээд сургуулиудын Эдийн засгийн тэнхмийн багш нар, судлаачид оролцлоо.

Уг арга хэмжээг Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж нээж, Швейцарийн хөгжлийн агентлагийн Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийг төлөөлж Ерөнхийлөгчийн Тамгын газрын урилгаар Швейцариас ирсэн Степан Пфөффли,Удирдлагын академийн багш Л.Ариунаа нар илтгэл тавьсан юм.

Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эхний бүрэн эрхийнхээ хугацаанд төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоог дэмжих бодлогыг явуулсан. Хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа ухаалаг төрийн бодлого санаачлаад явж байна. Эдгээр хоёр бодлого хэрхэн хоорондоо уялдаж байгаа талаар цөөн үг хэлье.

Иргэдийн оролцоог хангаж хүний эрхийг дээдэлсэн, иргэдийнхээ нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн засаглалыг өнөөдөр дэлхий дахинд хамгийн зөв зүйтэй засаглалын тогтолцоо гэж үзэх боллоо. Гэвч одоо ч ядуурал хурц асуудал хэвээр байна. Баян, ядуугийн ялгаа улам бүр нэмэгдэж, байгаль орчин, агаарын бохирдол зэрэг олон сөрөг асуудал гарсаар байна. Эдгээрийг шийдвэрлэх гол арга зам нь хөгжлийн бодлого юм. Сайтар боловсруулсан хөгжлийн бодлогоор л сөрөг асуудлуудад хариу өгөх бололцоотой.

Иргэдэд сонголтоо чөлөөтэй хийх, хүсэл эрмэлзлээ биелүүлэх бололцоог нь хангасан тохиолдолд иргэдийн нийгэм, эдийн засгийн болоод өөрсдийнхөө талаар гаргаж байгаа шийдвэр нь үр ашигтай болж хувирдаг.

Хөгжлийн бодлого гэдэг нь өөрөө хөгжих бололцоо, хүний эрх чөлөөг улам бүр тэлэх асуудал юм. Аливаа хөгжлийн бодлого иргэдийн оролцоонд тулгуурлаж байж тогтвортой үр дүнд хүрдэг. Саяхан “Непко” хэвлэлийн газраас Фрийдманы номыг хэвлэж гаргасан. Тэнд “Эдийн засгийн эрх чөлөөтэй байж л хувь хүний эрх чөлөө хангагдана” гэж бичсэн байдаг. Хөгжлийн бодлого нь яг энэ агуулгаараа иргэдийн эдийн засгийн эрх чөлөөг тэлэх, үүнтэй уялдуулж бусад эрх чөлөөг нээж өгөх гол зорилготой.

Эдийн засгийн онолд хүний сонголтын онол гэж байдаг.  Айл гэр, хүн бүр хамгийн үр ашигтай сонголтоо хийдэг. Иргэдэд сонголтоо чөлөөтэй хийх, хүсэл эрмэлзлээ биелүүлэх бололцоог нь хангасан тохиолдолд иргэдийн нийгэм, эдийн засгийн болоод өөрсдийнхөө талаар гаргаж байгаа шийдвэр нь үр ашигтай болж хувирдаг. Ингэхээр хөгжлийн бодлого, иргэдийн оролцоо, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх асуудал нэг нь нөгөөгүйгээр байж чадахгүй юм. Үүнийг ухаалаг төрийн бодлогоор зохицуулах ёстой” гэлээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын урилгаар Швейцариас ирсэн Степан Пфөффли “Тэнцвэржүүлсэн төрийн тогтолцоо: Зорилго, сорилтууд ба Швейцарийн туршлага“ илтгэлдээ тэнцвэржүүлсэн төсөвтэй байх нь бүс нутгийн хуваагдмал байдлаас болж үр дүн тарамдах, эдийн засгийн цар хүрээ хумигдах, өрсөлдөөн буурах зэргээс сэргийлж төсвийг зөв зохистой зарцуулахад ач холбогдлоо өгдөг талаар танилцууллаа.