НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн тайлан боловсруулах хурал боллоо
Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа
2014.01.16

НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн тайлан боловсруулах хурал боллоо

Монгол Улс 1990 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай Конвенцийг соёрхон баталж, улмаар “Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчлахын эсрэг” Нэмэлт Протоколд 2003 онд, “Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахын эсрэг” Нэмэлт Протоколд 2004 онд тус тус нэгдэн орсон түүхтэй.

Мөн “Мэдээлэл хүргүүлэх журмын тухай нэмэлт протоколд” 2013 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд гарын үсэг зурсан.

   Түүнчлэн манай улс НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд нийт 4 удаа үндэсний тайлангаа өргөн мэдүүлж, зөвлөмж авсан бөгөөд 5 дахь тайланг 2014 оны 10 дугаар сард өргөн мэдүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байна.

   Энэхүү тайланг бэлтгэхтэй холбоотойгоор Үндэсний ээлжит тайлан боловсруулах ажлын хэсгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын Сайдын 2014 оны 1 дүгээр сарын 03-ны А/01 тоот тушаалаар байгуулсан. Тус ажлын хэсгийн даргаар ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга    Б.Отгонжаргал, дэд даргаар Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа болон төрийн , төрийн бус, Олон улсын байгууллагаас бүрдсэн 68 хүн ажилладаг.

   Ажлын хэсгийн анхдугаар хурал 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулагдаж, өмнөх тайлан болон НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос ирүүлсэн зөвлөмж, илтгэл бичихэд анхаарах зүйлсийн талаар ярилцлаа.

   Тайланг НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны удирдамж зааврын дагуу бичиж, 9 дүгээр сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн 10 дугаар сард НҮБ-д хүргүүлнэ.

   Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийн тайланг бичиж, хүргүүлэх нь хүүхдийн эрхийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хаана хүрснээ мэдэж, амжилт, ололтоо бататгах, алдаагаа засах боломжийг олгох онцлог талтай юм.