Арилжааны тухай хуулийг өргөн мэдүүллээ
2025.05.28

Арилжааны тухай хуулийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Арилжааны тухай хуулийг өнөөдөр /2025.05.27/ өргөн мэдүүллээ.

Арилжааны тухай хуулийн төслийн талаар: Монгол Улсад арилжаа эрхлэгчдийн арилжааны үйл ажиллагаатай холбоотой харилцааг цогц байдлаар, бусад субъект хоорондын харилцаанаас онцлон зохицуулсан хууль тогтоомж батлагдаагүй байна. Иймд арилжааны эрх зүйн онцлог, нарийвчилсан бусад зохицуулалтуудыг судлан тодорхойлох хэрэгцээ, шаардлага үүссэн. Арилжааны хуулийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах судалгаагаар бие даасан арилжааны хууль батлах нь зүйтэй хэмээн зөвлөсөн бөгөөд хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг 2019 онд Хууль зүй, дотоод хэргийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны төлөөлөл, хувийн эрх зүйн судлаач, шүүгч, өмгөөлөгч зэрэг гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна. Хуулийн төслийг боловсруулахтай холбоотойгоор ажлын хэсгийн гишүүдийг сургалтад хамруулсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар холбогдох судалгаануудыг хийлгэсэн болохыг О.Алтангэрэл сайд танилцуулсан.

Арилжааны тухай хуулийн төсөл нь анхдагч хуулийн төсөл бөгөөд 22 бүлэгтэй, 137 зүйлтэй юм байна. Төсөлд арилжааны эрх зүйн зарчим, арилжааны хууль тогтоомжийг хэрэглэх журам, арилжааны эрх зүйн харилцаан оролцогч буюу арилжааны үйл ажиллагаа эрхэлдэг арилжаа эрхлэгч, насанд хүрээгүй буюу 14-18 хүртэлх насны хувь хүн арилжааны үйл ажиллагаа эрхлэх, арилжааны бүртгэлд сайн дурын үндсэн дээр бүртгүүлснээр арилжаа эрхлэгч болох этгээдүүд, жижиг арилжаа эрхлэгч зэрэг ойлголтын талаарх зохицуулалтуудыг тусгажээ Мөн арилжааны бүртгэлийн ойлголт, тогтолцоо, хувиараа арилжаа эрхлэгчийн бүртгэл буюу төрөлжсөн бүртгэлийн талаар, арилжааны бүртгэлийн үр дагавар (позитив болон негатив), арилжааны нэр, шударга бусаар бусдын арилжааны нэрийг ашиглахыг хориглосон зохицуулах нь зүйтэй хэмээн үзэж, төсөл санаачлагч төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан гэв. Үүний зэрэгцээ эрх нь зөрчигдсөн этгээдүүдийн эрх, арилжааны нэрийг бусдад ашиглуулах, шилжүүлэх, өв залгамжлуулах тохиолдол, арилжааны үйл ажиллагаанд төлөөлөх бүрэн эрх, түүний хязгаарлалт, арилжааны төлөөлөгч, арилжааны зуучлагч, арилжааны хэлцлийн нийтлэг зохицуулалт болон бусад гэрээний тусгайлсан зохицуулалтыг тусгасан байна.

Төсөл дэх зохицуулалтууд нь одоо мөрдөгдөж буй Иргэний хуулиар зохицуулагддаг тул энэ хүрээнд Иргэний хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулах шаардлага үүссэн гээд дэлгэрэнгүй мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд өглөө.

Хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу багцлан боловсруулсан бөгөөд төслийг олон нийтэд танилцуулахаар эрдэмтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан хэд хэдэн хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны www.mojha.gov.mn албан ёсны цахим хуудаст хуулийн төсөл, танилцуулга, англи хэлээрх хувилбар болон холбогдох бусад судалгааг байршуулан иргэд, олон нийт судалж, танилцан, санал өгөх боломжоор хангаж ажилласан байна.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа