УИХ дахь “Бие даагчдын зөвлөл”
2014.01.14

Бие даагчид Дарханд

УИХ-ын гишүүн, УИХ дахь “Бие даагчдын зөвлөл”-ийн ахлагч С.Ганбаатар, бие даагч гишүүд болох Х.Болорчулуун, УИХ-ын төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн нарын хамт сонгогдсон тойрогтоо ажиллалаа.7

Тэрбээр өнгөрөгч онд Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт урьд нь хийгдэж байгаагүй их хэмжээний буюу 1,8 тэрбум төгрөгийг ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж өгчээ. Тус аймгийн Эрүүл мэндийн газрынхан энэхүү хөрөнгө оруулалтыг эрчимт эмчилгээ, эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, лабораторийн ба оношлогооны гэсэн дөрвөн чиглэлд зарцуулан тоног төхөөрөмж худалдан авсан байна. Эдгээр тоног төхөөрөмжийн нээлтийг өнгөрөгч оны 10 дугаар сарын 27-нд хийснээс хойш гурван сар гаруйн хугацаанд иргэдэд үйлчилж байгаа аж.

Үүнээс хамгийн том хөрөнгө оруулалтыг лабораторийн чиглэлд хийсэн ба бүрэн автомат биохимийн аппарат, бүрэн автомат анализатор, бүрэн автомат шээсний анализатор, иммунологийн бүрэн автомат аппарат нийлүүлэгджээ. Мөн Эрчимт эмчилгээний тасаг ханын нэгдсэн хийн аппараттай болсноор хөдөө орон нутгийн эмнэлгүүдээс Дарханы эмнэлэг анх удаа уг аппаратыг хэрэглэх боломжтой болжээ.  Рентгений дижитал аппараттай болсноор тус эмнэлгийнхэнд тулгамдаж байсан хамгийн хүнд асуудлыг шийдвэрлэж чадсан байна. 

Үүнээс гадна -70 хэмд хөлдөөж, таван жил цус цусан бүтээгдэхүүнийг хадгалах чадвартай хөргөгчтэй болжээ. Герман, Япон улсаас нийлүүлсэн эдгээр тоног төхөөрөмжтэй танилцахдаа УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Энэ бол Дарханы эмнэлгийн ажилтнуудын ололт амжилт юм. Бид хамтдаа хөтлөлцөн гүйж, улсаас авсан мөнгөө өөртөө нааж чадсанаар энэ ажил бүтсэн.

Манайхаас өөр газарт эмч эмнэлгийн ажилтнууд нь өөрсдөө хэрэгтэй байгаа тоног төхөөрөмжөө захиалаад авдаг газар байна уу үгүй юу сайн мэдэхгүй байна. Гэхдээ би бүх газар ийм болоосой гэж бодож байна” гэж хэлж байв. Энэ үеэр эмнэлгийн удирдлагууд болон мэргэжилтнүүд “лабораторийн шинжилгээний аппаратад урвалжууд дутагдаж байгаа, яаралтай түргэн тусламжийн тасагт мэргэшсэн эмч хэрэгтэй учир 2-3 эмчийг дотооддоо болон гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалтад заавал хамруулж өгөх шаардлагатай байна” гэж байсан.

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг нь оношлогоо эмчилгээ хийлгэх орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжүүдтэй болсноор эмчилгээ, оношлогооны бүх үйлчилгээг орон нутагтаа үзүүлэх боломжтой болжээ. Ингэснээр тус аймгийн ард иргэд эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгэхийн тулд заавал Улаанбаатар хотыг зорилгүйгээр эрүүл мэндийн даатгалаараа аймгийнхаа эмнэлэгт шинжлүүлэн бүх төрлийн үйлчилгээг авах нөхцөл бүрдсэн гэдгийг мэргэжилтнүүд хэлж байсан.

Түүнчлэн УИХ-ын төсвийн байнгын хороо, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, С.Ганбаатар гишүүний орон нутаг дахь ажлын албанаас зохион байгуулсан “Дархан шударга төсөв” төсвийн тухай хууль, төсөв санхүүгийн ил тод байдлыг хангах сургалтад УИХ дахь “Бие даагчдын зөвлөл”-ийнхөн оролцсон. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзаж, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, хууль, тогтоол шийдвэрүүдийн талаар мэдээлэл хүргэсэн. Мөн 2014 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудын талаар ярилцаж, иргэдийн санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсож, шийдвэрлэж өгөх талаар хэлэлцсэн юм.