Монголын Засгийн газрын санаачилгыг НҮБ дэмжлээ
НҮБ
2013.12.27

Монголын Засгийн газрын санаачилгыг НҮБ дэмжлээ

Монгол Улсын Засгийн газар Худалдааг хөнгөвчлөх асуудлаарх олон улсын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах санал гаргасныг Нэгдсэн Үндэстний Байгууллага дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Дэлхийн улс орнуудын хөгжлийн ялгааг бий болгож байгаа нэг хүчин зүйл нь далайд гарцгүй байдал, тэр дундаа энэ нь Монгол Улсын нэг эмзэг тал гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрөх биз ээ. Зөвхөн Монгол Улс ч биш НҮБ-ын гишүүн зургаан улс тутмын нэг нь зах зээлээс алслагдсан, олон улсын худалдаанд оролцох нөхцөл бололцоо хязгаарлагдмал, далайд гарцгүй орон байдаг аж.

Тэдний хувьд хамтарч асуудлаа шийдвэрлэхийг эрмэлзсээр ирсний зэрэгцээ сүүлийн жилүүдэд Монгол Улс уг асуудлаар санаачилга, манлайлал гарган ажиллаж буй. Энэ санаачилгын үр дүнд НҮБ-ын дэргэд Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын /ДГХБО/ албан ёсны бүлэг байгуулагдаад зогсохгүй НҮБ-ын нарийн бичгийн даргын газарт уг бүлгийн орнуудын хөгжлийн асуудлыг хариуцан ажиллах Дээд төлөөлөгчийн алба бий болсон гэхэд болно.

Харин дараагийн алхам болгож, Монголын Засгийн газар Худалдааг хөнгөвчлөх асуудлаарх олон улсын хурлыг Улаанбаатар хотноо 2014 оны хоёрдугаар улиралд зохион байгуулах саналтай байгаагаа Гадаад харилцааны сайд Л.Болд өнгөрсөн есдүгээр сард Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит cуулганд оролцох үеэрээ хоёр талын уулзалтаар танилцуулсан юм.

Үүнд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн албанаас саяхан хариуг ирүүлж, Монголын Засгийн газрын саналыг дэмжиж буйгаа мэдэгдсэн байна.  Тэгэхээр уг хурлын нарийн товыг Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай болж байна.

Судалгаанаас харахад далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд дэлхийн нийт худалдааны дөнгөж 1,1 хувийг эзэлдэг бол эдгээр орны эдийн засгийн өсөлт 2010 онд 6,7 хувь байсан бол 2011 онд 5,9 хувь болж буурчээ. Мөн далайд гарцгүй 19 оронд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 1000 ам.доллараас бага байгаа юм.

Монгол Улсын хувьд Далайд гарцгүй орнуудад тулгарч байгаа энэхүү хүндрэл бэрхшээл, хэрэгцээ шаардлагыг олон улсын анхааралд хүргэх, байр сууриа хамтран тодорхойлох, түүнийгээ баталгаажуулах шаардлагатай гэж үзэж, санаачилгыг манлайлан ажиллаж буй.

Нөгөө талаар далайд гарцгүй орнуудын хүндрэл бэрхшээлийг тайлбарлан таниулах, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах асуудлаар олон улсын түвшинд эрдэм шинжилгээ, судалгааны ажил зайлшгүй хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.  Үүнийг харгалзан Монгол Улс ДГХБО-ын олон улсын судалгааны төв байгуулах асуудлыг санаачилж, бүлгийн дэмжлэгийг авч үйл ажиллагааг нь эхлүүлэхэд бэлэн болоод байгаа аж.