Ерөнхий сайд Н.Алтанхуяг Европын Комиссын Ерөнхийлөгчтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.М.Баррозотой уулзлаа.
2013.11.18

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Европын Комиссын Ерөнхийлөгчтэй уулзлаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Европын Комиссын Ерөнхийлөгч Жозе Мануэл Баррозотой уулзалт хийлээ.

Монгол Улс “гуравдагч хөрш”-ийн бодлогынхоо хүрээнд Европын холбоо, түүний гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг боломжтой бүх салбарт эрчимжүүлэхийн төлөө байгааг Ерөнхий сайд уулзалтын эхэнд илэрхийллээ.

"Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан олон ажил хэрэгжүүлсний нэг нь Монгол Улс, Европын холбоо хоорондын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал юм" гэж тэрбээр нэмж тодотголоо. Энэ оны 9 дүгээр сард Монгол Улс, Европын холбооны хамтарсан хорооны XV хуралдаан Улаанбаатар хотноо болсон.

Н.Алтанхуяг: Европын холбоо нь манай улсын хувьд хоёр хөршийн дараах худалдааны гурав дахь түнш, хамгийн том хөрөнгө оруулагч болоод байна.

Энэ үеэр Европын холбооноос Монголд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг дээшлүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтын түвшинг ахиулах талаар голлон ярилцаад Хөгжлийн хамтын ажиллагааны 2014-2020 оны хөтөлбөр хэрэгжүүлэхээр Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан билээ.

Ноён Ж.М.Баррозогийн зүгээс Монгол Улс, Европын холбооны 2014-2020 оны Хөгжлийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, энэ хугацаанд хамтран хэрэгжүүлэх төслүүдийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг Монгол Улсын Засгийн тэргүүнээс хүслээ.

Тэрбээр мөн “2014 он бол бидний хамтын ажиллагаанд чухал үе. Ирэх жил Монгол Улс, Европын холбооны хамтын ажиллагааны 25 жилийн ой тохионо. Ойг баяр ёслолын байдалтай тэмдэглэхээс илүү худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлсэн амжилтаар үдэхийг хүсч байна” гэлээ.

Ирэх жил Монгол Улс, Европын холбооны хамтын ажиллагааны 25 жилийн ой тохионо.

Өнөөгийн байдлаар Европын холбоо нь манай улсын хувьд хоёр хөршийн дараах худалдааны гурав дахь түнш, хамгийн том хөрөнгө оруулагч болоод байна. Өнгөрсөн онд гэхэд Монгол, Европын холбооны худалдааны эргэлт 770 сая ам.долларт хүрч, хөрөнгө оруулалтаараа Хятадын дараа оржээ.

Худалдааны эргэлтэд эерэгээр нөлөөлсөн дэмжлэгийг Европын холбооноос үзүүлж ирсэнд Засгийн газрын тэргүүн уулзалтын үеэр талархал илэрхийлээд, Хөнгөлөлтийн ерөнхий схем (GSP+)-д цаашид үргэлжлэн хамрагдах Монгол Улсын хүсэлтийг дэмжсэнд талархаж буйгаа хэллээ.

Уулзалтын үеэр

Түүнчлэн, “Манай талаас бэлчээрийн малын мах, бордоогүй хөрсний ногоогоо евро стандарт ханган бэлтгэж, танай зах зээлийн сүлжээнд оруулах сонирхолтой байна.

Монгол брэнд бүтээгдэхүүнүүдийг Европын холбооны зах зээлд гаргахын тулд евро стандартыг Монголд нутагшуулах, иж бүрэн лаборатори байгуулах шаардлагатай. Энэ чиглэлд Европын холбоо бодлого, арга зүйн дэмжлэг өгч, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг уулзалтын төгсгөлд “Манай улсын гадаад бодлогод гуравдагч хөршийн байр суурь эзэлдэг Европын холбооны Ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа айлчилж байгаад сэтгэл хангалуун байна” гээд, түүнийг тавтай зочлохыг хүслээ.