“Оюуны эрэл”-ийнхэн "Цэцээ гүн"-ий оргилд
Сорилтот хөтөлбөрт оролцогчид
2013.11.01

“Оюуны эрэл”-ийнхэн "Цэцээ гүн"-ий оргилд

“Оюуны эрэл” оюутны холбооноос клубынхаа гишүүдийг нэгтгэх, багийн ажиллагаанд суралцах, өөрт тулгарах сорилт бэрхшээлийг даван туулж хатуужилд дадлагажуулах зорилгоор, “Нэгдлийн төлөө спорт-Хөгжил дэвшил” уриан дор сорилтот хөтөлбөрийг зохион байгууллаа.

Хөтөлбөрийн хүрээнд "Оюуны-Эрэл" оюутны холбооны салбар клубын гишүүд Богдхан уулын ноён оргил "Цэцээ гүн"-ий оргил руу явган аялал хийж өнгөрсөн амралтын өдрийг үе тэнгийнхэнтэйгээ үр бүтээлтэй, нэг нэгнээсээ суралцан багаар ажиллаж сонирхолтой өнгөрүүлээд ирлээ.

“Оюуны эрэл” оюутны холбооны Цэцээ гүн оргилд хийсэн сорил хөтөлбөрт оролцсон Удирдлагын академийн Бизнесийн удирдлагын тэнхимийн дэд профессор, доктор, ГХГЗЗГ-ын Стратеги төлөвлөлтийн албаны дарга Г.Жаргалын сэтгэгдлийг хүргэж байна.

Цэцээ гүн оргилд, Удирдлагын академийн Бизнесийн удирдлагын тэнхимийн дэд профессор, доктор, ГХГЗЗГ-ын Стратеги төлөвлөлтийн албаны дарга Г.Жаргал

Дэлхийн улс гүрнүүдийн дотроос уул, ус, байгалиа дархалсан түүхээр анхдугаарт бичигдэх буюу XI зуунд Хамаг Монголын Хэрэйдийн Ван хан гурван голын нэгэн Туулын шугуйнаа сууршин амьдрахдаа Хэнтий нурууны баруун урд хэсэгт орших Богд уулаа тахин шүтэж, дархалсан.

Дархан цаазат Богдхан уулын байгалийн цогцолборын ноён оргил Цэцээ гүнд “Оюуны эрэл”-ийнхэн намрын сүүл сарын анхны цасны дараахан хүч тамир, авхаалж самбаа, багаар ажиллах чадварын сорилтот аялал хийлээ. Энэхүү аялал, сорил, туршлага солилцох ажилд явган аялал сонирхогчийн зүгээс санаа зорилго нэгдэн, сорилын “Эв нэгдлийн отог”-т үүрэг гүйцэтгэв.

1996 оноос менежмент, 2005 оноос манлайлал, багаар ажиллах чадварын онол, аргачлал, үүрэг дүрийн тухай танхимийн хичээл заадаг миний хувьд байгалийн сайхан задгай орчинд өөртөө үнэнч, багийн гишүүддээ итгэж, хамтран ажиллах чадварын биечилсэн сорил дасгалуудыг оюутан залуустай хийсэндээ нэн олзуурхан, их зүйл суралцлаа.

"Оюуны эрэл" оюутны холбооныхон сорилтот хөтөлбөрийн үеэр

Америкийн эрдэмтэн Уалис Роберт “Хүннүгийн Аттилла хааны манлайллын нууц” бүтээлдээ Аттилла ”Цэрэг дайчдад цэргийн сургуулилалт хэрэгтэй. Удирдагчдад түүний зэрэгцээ шударга, дайчин, уян хатан манлайллын чадварууд хэрэгтэй” гэж сургадаг байсныг тэмдэглэсэн.

Түүнчлэн оюутан залууст мэргэжлийн боловсрол хэрэгтэй бөгөөд эх орныхоо хөгжил цэцэглэлтийг түүчээлэн ирээдүйд удирдах үүрэгт зайлшгүй үгүйлэгдэж буй манлайлал, багаар ажиллах чадварын биечилсэн дасгал, сорилууд сонирхолтой, үр дүнтэй байсан.

Зохион байгуулалтын хувьд анхаарч засч залруулах зүйлс байгааг оролцогчид өгүүлж байсныг тусган авч, дараа дараагийн сорилыг өргөжүүлэн, улмаар улсын хэмжээнд төвшин зэрэглэлтэй хийж болох ажил байна. Багаар ажиллах чадварын төлөө хамтран ажиллацгаая гэсэн юм.