Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг гишүүдийн 83 хувийн саналаар баталлаа.
2013.10.03

Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг гишүүдийн 83 хувийн саналаар баталлаа. Дээрх хуулийг дагалдаж, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг баталж буй юм.

Улаанбаатар хотод харьяалагдах бүсэд үйлдвэр байгуулахаар 300-500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийвэл хөрөнгө оруулагчид 10 жилийн татварын тогтвортой орчны гэрчилгээ олгоно.

Хуулийн төсөл батлагдсанаар 15 тэрбум төгрөгөөс дээш хэмжээтэй хөрөнгө оруулсан бол дөрвөн төрлийн татварыг тогтворжуулах баталгааг өгөх болж байна. Ингэхдээ оруулсан хөрөнгийн хэмжээ өсөх тусам байршлаасаа хамаарч татварын тогтвортой орчны баталгаанд хамрагдах хугацаа өсч байхаар зохицуулаад байна.  Тухайлбал, Улаанбаатар хотод харьяалагдах бүсэд үйлдвэр байгуулахаар 300-500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийвэл хөрөнгө оруулагчид 10 жилийн татварын тогтвортой орчны гэрчилгээ олгоно. Баруун бүсэд дээрх хэмжээний хөрөнгө оруулалт хийвэл 13 жил, төвийн бүсэд хөрөнгө оруулалт хийвэл 11 жилийн хугацаанд татварын тогтвортой орчны баталгааг олгох болж байгаа юм. Бүсийг Улаанбаатарын, төвийн, хангайн, зүүн, баруун бүс хэмээн хуваажээ.