“Гэр хороололд хөгжил ирнэ” уриа бодит биелэлээ олно
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс Улсын Их Хурлын сонгуульд гурвантаа сонгогдсон УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва тойргийн ахмадууддаа жил бүр баярын өдрийг нь тохиолдуулан уламжлал ёсоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.
Тус дүүрэг нь нийслэлд хамгийн олон хүн амтай төдийгүй хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд түлхүү суурьшдаг учраас бусад дүүргүүдээс ахмадын тоогоороо ч хавьгүй илүү юм.
Энэ жилийн хувьд Ахмадын баярыг угтаж 9 дүгээр сарын 25-ны өдөр дүүргийнхээ нийт ахмад буурлуудад хүндэтгэл үзүүлсний зэрэгцээ ахмадын зөвлөлөөр нь дамжуулан хороо тус бүрээс тав таван ахмад нийт 160 гаруй ахмадыг Төрийн ордонд тусгайлан хүлээн авч хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулсан юм.
Нийт 160 гаруй ахмадыг Төрийн ордонд тусгайлан хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахмадуудад хандан хэлсэн үгэндээ “Эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө шударга, бүтээлч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмад настнуудын төлөөлөл болсон та бүгддээ баярын мэндийг хүргэж байна.
2004 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байх тэр үед “Гэр хороололд хөгжил ирнэ” уриатайгаар сонгуульд оролцож байлаа. Гэтэл өнөөдөр цаг хугацааны хувьд бодит биелэлээ олоход тун ойрхон ирээд байна. Яагаад гэвэл Нийслэл хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд хотын хөгжлийн төвлөрлийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шилжүүлэхээр тусгасан нь манай дүүргийн ирээдүйг тодоос тод харуулж байна” гэлээ.
Хороодыг төлөөлж ирсэн ахмад буурлууд гишүүндээ хандан манай дүүргээс гурвантаа сонгогдож ард иргэд биднийхээ дуу хоолойг үргэлж сонсож, мөнхийн холбоотой байдаг учраас “Дархан УИХ-ын гишүүн” шүү хэмээн баярласан сэтгэлээ илэрхийлж цаашдынх нь ажилд улам их амжилт хүсч байлаа.