Дархан-Уул аймагт “Залуучууд хөгжлийн төв” нээгдлээ
Дархан-Уул аймагт “Залуучууд хөгжлийн төв”-ын нээлт УИХ-н гишүүн С.Эрдэнэ
2013.08.16

Дархан-Уул аймагт “Залуучууд хөгжлийн төв” нээгдлээ

Олон улсын болон Монголын Залуучуудын өдрийг угтан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Залуучуудын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхээр  болсон билээ.

Тэгвэл энэ ажлын хүрээнд 2013 оны 8 дугаар сарын 14-ны өдөр залуусын хот хэмээн нэрлэгддэг Дархан-Уул аймагт орон нутгийн залуучуудад зориулсан “Залуучуудын хөгжлийн төв”-ийн нээлт боллоо. Нээлтийн арга хэмжээнд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Китахара Наоми болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “ Монголын залуучуудын зайлшгүй хэрэгцээ шаардлага болж буй Залуучуудын хөгжлийн төвүүдийг зорилтот орон нутгуудад үе шаттайгаар байгуулна. Залуучуудын хөгжлийн төлөөх энэхүү үйл ажиллагааг дэмжин ажиллаж буй бүх байгууллагуудад Монголын мянга мянган залуучуудын нэрийн өмнөөс талархаж байна” гэдгээ уламжиллаа. 

Дархан-Уул аймгийн хэвлэл мэдээллийн төв

ХАХНХЯ, НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж  буй “Залуучуудын хөгжил 2013-2017”  төслийн нэг хэсэг болж, НҮБ-ын Хүн амын сан, Люксембургийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Залуучууд, хөдөлгөөнт болон эрсдэлт бүлгийн хүн амыг бэлгийн замаар дамжих халдвар, хүний дархлал хомсдлын вирусийн халдвараас сэргийлэх” төслийн хүрээнд энэхүү “Залуучуудын хөгжлийн төв” –ийг байгуулж байгаа юм.

Орон нутагт залуучуудын хөгжлийн төвтэй болсноор өсвөр үеийн хүүхэд, залуучуудад нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, тэдний бие бялдар, оюун ухааны хөгжилд эерэг хандлагыг төлөвшүүлэх ач холбогдолтой юм.

Мөн хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд интернет номын санд сууж, хүссэн номоо унших, цахим ертөнцөөр чөлөөтэй аялах, хичээл даалгавраа хийх, урлаг уран сайхны төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах сургалтын танхимуудаар хүссэн цагтаа үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж чадсан нь “Залуучуудын хөгжлийн төв”-ийн давуу тал болсон.