Их шуурганы өмнөх Ө.Энхтүвшин буюу МАН-ын найдвар
УИХ-ын Гишүүн, МАН-ын Дарга Ө.Энхтүвшин
2013.05.03

Их шуурганы өмнөх Ө.Энхтүвшин буюу МАН-ын найдвар

Ерөнхийлөгч, УИХ, нийслэлийн ИТХ, орон нутгийн гээд дараалсан хэдэн сонгуульд ялагдал хүлээсэн нам ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нисгэхээ шийдэх хурал удахгүй болно.

Сонгинохайрханы дахин санал хураалт ялагдлын “наастр”-т автаад байсан МАН-ынхны урмыг нэмж, ерөнхий сайдыг огцруулах чиглэлээр довтолгоо хийж байгаа энэ үеийн бага хурлыг хэн хүнгүй чих тавин хүлээж байна.

“Хамгийн аюултай нь нутаг нуга, амраг садан, анги танхим, бизнесийн хүрээ зэрэг явцуу эрх ашгийн сонирхлыг тойрон нягтарсан нэгдэл бөгөөд түүнээс бид ямагт сэрэмжлэх ёстой”

Хэдийгээр УИХ дахь намын бүлгийн дарга Н.Энхболдын нэр яригдаж байгаа ч МАН албан ёсоор Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол нарын нэрийг “ард түмнээс нээлттэй санал асууж” нэгийг нь энэ удаа “Ерөнхийлөгч болоорой” хэмээн цацал өргөн мордуулах гэж байгаа билээ.

Засгийн газрыг огцруулах намынхаа шаардлагаас өөрөөр тэр хэвлэлийн өмнө гарч ирсэнгүй. 24цаг.мн-ийн тоймчийн бичсэнчлэн “Ө.Энхтүвшин намын дарга учраас хамаагүй сэвээд байж болохгүй байгаа бололтой”. Ө.Энхтүвшин бусад нэр дэвшигчидээ бодвол нийтэд биш нам дотроо л мессеж өгч байгаа.

4 дүгээр сарын 19-21-нд Дарханд Ардын намын удирдах ажилтны зөвлөгөөн болов. Ө.Энхтүвшин  “Өөрсдийгөө нэр дэвшүүлэх бодолтой байгаа хүмүүс намын бага хурлаас өмнө өөр хоорондоо өрсөлдөж байг” гээд “Ардын нам ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах ёсгүй” гэж мэдэгджээ. Ердөө л энэ.

Өнөөгийн ерөнхийлөгчтэй “үнэн хүчийг үзэж барилдах”, бүр давах хэмжээний бяр хэнд байнаа гэж л тэр асууж байна. Намтрын хуудас, махан биеийн биш улс төрийн бяр, өнөөдрийн алба тушаал гээд олон өгөгдлийг шинжихэд “ялагдах эрхгүй сонгуульд” энэ намын 1 дүгээр хүн л зориглон дэвших ёстой гэжээ хэмээн түүний үгийг орчуулагсад ч байна.

Нэг бөх дэвшүүлчээд, эсвэл намынхаа ганц бүсгүйг явуулчихаад улс төрийн ууган хүчин юунд найдаж “Ялагдах эрхгүй сонгууль” гэж өрсөлдөх билээ?

 Ялалтын амт, ялагдлын гашууныг мэддэг Ө.Энхтүвшин хүлээж байна.   

Гэвч тэр цагаан сар, мартын 8 хоёрын завсраар, хаврын тэргүүн сард хамаг үгээ намынхандаа хэлчихсэн юм. Тэр бол гишүүд, дэмжигчиддээ хандаж МАН-ын дарга Ө.Энхтүвшингээс илгээсэн захидал байлаа. 

“Лидерүүдийн хооронд ... үл ойлголцол нь гүнзгийрсээр зөрчил, тэмцэл, бүр цаашдаа хорсол, хонзогнол, хагаралд хүргэсэн түүх их бий”, “Хамгийн аюултай нь нутаг нуга, амраг садан, анги танхим, бизнесийн хүрээ зэрэг явцуу эрх ашгийн сонирхлыг тойрон нягтарсан нэгдэл бөгөөд түүнээс бид ямагт сэрэмжлэх ёстой”, “Тухайн сонгуульд ялж л байвал юу ч хамаагүй амла гэдэг тактик дараа, дараагийн сонгуульд муугаар нөлөөлдөг” зэрэг үгс энэ намын аль ч даргын амнаас унаж байхыг үзээгүй уяхан зарим нь нулимс унагах дөхөв.

Тэрээ МАХН-ыг үүссэнээс нь хойшхи бүхий л хугацаанд нь шүүмжилсэн ярилцлага өгч байсан боловч Н.Энхбаярыг хорихын эмнэлэгт эргэн очиж шуугиан дэгдээж байсан юм. "Бид хамтдаа маш их зүйлийг туулсан хоёр шүү дээ. Бидний дунд итгэл, үл итгэл, тэгээд дахин итгэл ч байлаа” гэж Ө.Энхтүвшин хэлжээ.

Ийм нөхцөл байдлын дунд МАН-ын дарга 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах бага хурлаа хийх гэж байна. Бага хурал дахь 200 гаруй гишүүд дотор түүнийг өөрийнх нь баг, нэмээд хуучны жигүүр хөдөлгөөний нөхөд, хөдөө аймгийнхан, ахмадууд голлон дэмжих нь гарцаагүй.

"Алдсан хүн өсдөг” гэж тэрээр нэг ярилцлагадаа дурсчээ

1992 онд парламентын сэтгүүлч Ө.Энхтүвшин Хөвсгөлийн 4 мандатын төлөө намаасаа УИХ-д нэр дэвшиж байсан юм. “Манай гурав гараад, нөгөө намаас Ц.Элбэгдорж ялж байсан.

Түүнээс хойш Хөвсгөлийн тойрогтоо УИХ-ын таван удаагийн сонгуульд нэр дэвшиж, гурав ялж, хоёр ялагдсан даа. Унаж, босож л явна. Унаж, ялагдаж, бүдэрч үзээгүй хүн бол ямагт онгон хангалаараа, эмзэг, “ногоон” л байдаг.

"Алдсан хүн өсдөг” гэж тэрээр нэг ярилцлагадаа дурсчээ. Улсын наадам, улс төрийн сонгуульд унаж үзээгүй хүнд хаягласан гэж мушгимаар. Үг шүү. Энэ хавар Монголын голлох хоёр намаас нэр дэвшсэн хоёр сэтгүүлч-улс төрчийн дараагийн дуэлийг бид үзэх юм биш байгаа?