Надад эрүү үүсгэсэн асуудал байхгүй
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2013.01.24

Надад эрүү үүсгэсэн асуудал байхгүй

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг "Ярилцах танхим "-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Төрийн нууцын жагсаалтыг батлах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг та эсэргүүцэж, нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа юм билээ. Ямар учраас тэр вэ. Үүнтэй холбоотойгоор өчигдөр болсон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр нэлээд маргаан дэгдээсэн байх аа?

-Дээрх хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын мэдээллийн аюулгүй байдал гэсэн хэсгийг зөрчөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл, хуулиар зөвшөөрсөн, өөрөө зөвшөөрснөөс бусад тохиолдолд хувь хүний тухай мэдээллийг цуглуулах, хадгалах, ашиглах, бусдад шилжүүлэхийг хориглоно гэсэн заалтыг Нөгөөтэйгүүр, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн хуульд өөрөөр заагаагүй бол хувь хүн бичгээр зөвшөөрснөөс бусад тохиолдолд түүний эцэг эх, өөрийн нэр, нас, хүйс, мэргэжил боловсрол, албан тушаал, ажлын газрын хаяг, утаснаас бусад мэдээллийг бусдад задруулахыг хориглоно гэсэн хууль Монгол Улсад үйлчилдэг. Засгийн газраас үүнийг өөрчилье гээд байгаа юм. Хэрэв Засгийн газрын өргөн барьсан хуулийн төслийг дэмжвэл иргэний бүртгэлийн улсын сан дахь бүхий л мэдээллийн баазын томоохон хэсгийг ил, тод болгох нөхцөл байдалтай тулгарчихаад байна гэдгийг би өчигдөр болсон байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн юм.

-Ингэснээр ямар хор уршигтай гэж?

-Маш их хор уршигтай байлгүй яах вэ. Таны хаанаас цалин авсан. Хаана ямар хэмжээний татвар, шимтгэл төлсөн. Хаашаа, хэзээ зорчсон. Хэзээ өвдсөн. Ямар эмчилгээ хийлгэсэн. Ямар өмч хөрөнгөтэй болсон зэргийг ил болгоно л гээд байгаа юм шүү дээ. Энэ бүх мэдээллийг төрийн хамгаалалтнаас гаргана гэдэг чинь иргэдийнхээ эрх, эрх чөлөөнд ноцтой халдаж байна гэсэн үг. Бүр цаашилбал, иргэдийнхээ аминд аюул учруулах нөхцөл байдлыг бий болгож байна. Дурын хүн тухайн хүний өвчний түүх, санхүүгийн мэдээлэл зэргийг гаргуулах боломжтой болно гэдэг чинь юу гэсэн үг вэ. Мэдээллийг ил тод байлгах асуудалд энэ байдлаар туйлшруулан хандаж байгааг би хувьдаа байж болохгүй үйлдэл гэж үзэж байгаа юм. Үндэстэнийх нь дархлааг авч хаяж байгаатай агаар нэг асуудал.

-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр Ч.Сайханбилэг гишүүн таны яриад байгаа асуудлыг ил болгоно гэсэн зүйл хуулийн төсөлд байхгүй гэж хэлж байсан шүү дээ?

-Хуулийн төслийг сайн уншвал тэгж л хэлсэн байгаа шүү дээ. Сайн уншвал байгаа. Тиймээс энэ асуудалд цогцоор авч үзэх ёстой. Холбогдох хуулиудынх нь өөрчлөлтийг судлах хэрэгтэй. Ялангуяа Нууцын тухай хуульд, холбогдох салбар байгууллагын хуульд томоохон өөрчлөлт хийж, ажлын хэсэг энэ асуудлыг маш сайн судалсны үндсэн дээр гаргаж ирэх ёстой болохоос биш УИХ-ын чуулганаар оруулаад дэмжигдээгүй унасан саналыг хүчээр тулгаж оруулах гэж байгаа нь маш их сэжигтэй байгаа юм. Энэ хуулийн төсөл цаанаа томоохон эрх ашигтай ч байж болзошгүй.

-Ямар эрх ашиг байгаа гэж?

-Засгийн газрын нөөц хөрөнгө буюу Ерөнхий сайдын мэдлийн 50 тэрбум төгрөгтэй холбоотой ч байж болзошгүй гэж хардаж эхэлж байна. Ардчилсан намынхан иргэдийн тухай мэдээллийг авах асуудлыг хялбаршуулах зорилгоор нэг машин оруулж ирж байгаа юм байна. Түүнийгээ Монгол Улсын өнцөг булан бүрт байршуулах гэж байгаа гэнэ. Сонсоход сайхан ч гэсэн цаанаа асар их хортой үр дагавартай. Өнөөгийн нийгэмд хүний хамгийн үнэ цэнэтэй зүйл нь хувийн нууц.

Энэ нууцыг чөлөөтэй олж авч ашиглах нь үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй үр дагавартай.

Тухайлбал, үүрэн телефонуудын олж авсан мэдээлэл гадагшаа гарах нь нууц биш. Монголын гарын зураглалын нарийвчилсан зураглалууд үүн дотор цэргийн зориулалтаар ашигладаг байлдааны зураглалуудыг төрийн нууцаас гаргах гэж байгаа нь сонин байна. УИХ дахь Ардын намын бүлгийнхэн байнгын хороодын хуралдаандаа сууж, сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж эхэлж байна. Бидний суусан хуралдаанаар хэлэлцсэн анхны асуудал нь энэ. Бид үүргээ биелүүлж, хяналтаа тавьж байна.

-Ардчилсан намынхан Ардын намынхныг "Маш олон хэрэг нуун дарагдуулсан" гэж байна. Тиймээс тэр болгоныг нь ил болгож байгаа гэж өөрсдийн үйлдлийг тайлбарлаж байгаа. Тухайлбал, "МИАТ" ТӨХК-ийн удирдлагуудын мөнгө угаасан гэх хэрэг. Танаи намынхан засгийн эрх барьж байхдаа үнэхээр тийм олон хэргийг нуун, дарагдуулсан юм уу?

Мэдэхгүй юм. Үнэхээр хууль зөрчсөн, хулгай хийсэн хүмүүст хууль жигд үйлчлэх ёстой. Асуудал байгаа бол хуулийн хүрээнд шийдэх ёстой. Тэр төрийн өмчийн байгууллага, компанийн удирдлагуудын асуудлыг намтай холбож тайлбарлаад байх нь утгагүй асуудал.

Таныг тусгай хамгаалалттай газарт ан хийсэн гэх үндэслэлээр шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Тийм асуудал байхгүй. Энэ дашрамд нэг зүйлийг хэлэхэд Ардчилсан намынхан ан хийхээр тэр нь мундаг болж хувирдаг. Ардын намынхан ан хийхээр тэр нь муу зүйл болж хувирдаг байж болохгүй биз дээ. Говь-Алтай аймагт өнгөрсөн жил болсон анг надтай холбож тайлбарлаад байсан. Би тэр асуудалд ямар ч хамаагүй. Ер нь хаа хамаагүй асуудлыг хэн нэгэнд нялзааж байхаа болимоор юм.

-Танай намын хэсэг залуус намаа шинэчлэх аяныг өрнүүлээд байгаа. Тэд намын даргаа огцруулах, намын нэрийн листийн эхний есөд багтаж, УИХ-ын гишүүн болсон хүмүүсийг сайн дураараа зайгаа тавих ёстой гэсэн шаардлагыг хүргүүлсэн гэсэн. Та намын нэрийн листээр УИХ-д  гарч ирсэн гншүүний хувьд тэднип энэ үйлдлийг хэрхэн хүлээж авч байгаа вэ?

-Улс төрийн дараалсан хэдэн сонгуульд манай нам амжилтгүй оролцлоо. Энэ бол бид хаана, хаанаа л дүгнэлт хийх зайлшгүй нөхцөл байдлыг бий болгож байгаа юм. Нам гэдэг олон түмний оюун санааны нэгдэл учир энэ бол зүй ёсны үйлдэл. Бид үүнд хүндэтгэлтэй хандах ёстой. Бид өнөөдөр намынхаа асуудлыг ний, нуугүй ярилцах цаг болсон. Тийм чадвар манай намынханд бий. Өнөөдөр тэдний яриад байгаа асуудалд дүгнэлт хийхэд арай эрт байна. Намын дүрмийн дагуу Их хурлаа хуралдуулах байх. Намын хамт олноос сонгогдсон төлөөллүүд тэр үеэр хүрэлцэн ирж, намынхаа асууддыг хэлэлцэх байх.

-Увсаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын УИХ-ын гишүүний үнэмлэхийг хураах шийдвэрийг шүүхээс гаргасан. Энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Ардчилсан намынхан улайрч байна даа л гэж хэлэх байна. Хэтэрч байна. Аливаа асуудалд хэм, хэмжээ гэж байдаг. Тэд Монголын нийгмийг маш гүн гүнзгий хагалж байна. Энэ нь асар их хортой үр дагавартай шүү дээ. Ийм бодлого явуулж байгаа нь туйлын харамсалтай. Монгол Улс, монголчууд хүчээ барж эхэллээ. Эрх баригчид маань улс орны том зургийг харж чадахгүй байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.