Г.Баярсайхан: Улс орны эрх ашигт хэрэгтэй асуудлыг хэлэлцэхэд “уралдаж” кнопоо дардаг баймаар байна
2012.05.21

Г.Баярсайхан: Улс орны эрх ашигт хэрэгтэй асуудлыг хэлэлцэхэд “уралдаж” кнопоо дардаг баймаар байна

УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэж баталсан хуулийнтөслүүдийн талаар тоймлонярилцлаа.
-УИХ-ын хаврын чуулган завсарлах дөхлөө. Гишүүд ч нэлээд шаргуу ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы гол онцлог нь юу байсан бэ?

-Нэлээд олон чухал хуулийн төсөл хэлэлцлээ. Хамрах цар хүрээ бага, тэр нь ач холбогдол бага гэж хэлэх хууль байсангүй. Онцлоод хэлбэл Байгаль орчны багц хууль байна. Олон салбар хууль байсныг цомхотгож, ойлгомжтой болгож чадсан. Байгаль орчны багц хуульд тусгасан хамгийн чухал заалт гэвэл ашигт малтмалын лиценз, ашигт малтмал олборлох зөвшөөрөл авахдаа усны сав газраас зөвшөөрөл авах юм. Өөрөөр хэлбэл, яам, агентлагийн дарга, албан тушаалтнаас зөвшөөрөл авдаг байсныг өөрчлөн олон нийтийн оролцоотой болгож байгаа хэрэг юм. Бидний ярьж байсанчлан иргэдэд эрх мэдлийг шилжүүлэх, шууд ардчилал, иргэдийн уул уурхай дахь оролцоо ил тод байдал үүгээр биеллээ олж байна. Мөн усны тухай хуульд өөрчлөлт оруулсан. Усны үнэлгээг нэмэх  зэрэг  чухал   заалтуудыг орууллаа.

-Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг нэлээд хянамгай хэлэлцэж баталлаа. Хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль маш ач холбогдолтой хууль юм. 1990-ээд онд Ашигт малтмалын хуулийг баталж байх үеийн дэлхийн зах зээл ямар байсан. Өнөөдөр ямар төвшинд хөгжиж, өмнөд хөрш болох Хятадын зах зээл, эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа энэ үед монголчууд байгалийн баялагтайгаа дэлхийн хөгжилд яаж оролцох вэ гэдэг асуудал хурцаар тавигдаж байна.

Энэ нөхцөлд Монгол Улсын үндэсний эрх ашиг, үндэсний аюулгүй байдал яригдаж байгаа.

Ялангуяа уул уурхайн салбарт гадаадын Засгийн газрын хөрөнгө оруулалтыг хязгаарлах талаар Ц.Сэдванчиг гишүүн, Д.Жаргалсайхан эдийн засагч бид гурав түрүүлж дуугарсан. Үүний үр дүнд нэр бүхий гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэж баталлаа. Стратегийн салбар гэдэгт 17 салбар анх орж ирсэн. Эдийн засгийн өсөлт эрчимтэй байгаа үед хайрцаглах шаардлага байхгүй гэж үзээд уул уурхай, банк санхүү, мэдээлэл харилцаа холбоог оруулсан. Хүнд суртал гаргаад зөвшөөрөл өгөхгүй байх асуудал биш. Засгийн газар уул уурхайд хяналтаа тогтооно. Монголын эд баялаг Монголдоо байсан ч эзэд нь гадаадад байж, монголчуудын ар хударгаар худалдаа явуулдаг байсан бүх асуудалд хяналт тавихын тулд батлагдсан хууль гэж ойлгож болно. Монгол Улсын эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалтыг хориглох хууль биш юм. Эд баялагтаа эзэн нь байх зорилгоор баталсан хууль.

-2013 оны Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байхад, ирэх  онд ДНБ өснө, эдийнзасгийн өсөлт 20 хувьд хүрнэ гэх зэргээр мэдээлэл хийсэн нь хэт улстөржүүлсэн дүгнэлт гэж гишүүд байр сууриа илэрхийлсэн. Ер нь бэлэн мөнгөний амлалт дагуулсан хуулийн төслүүд хэлэлцэгдээд байна?

-Би ч адилхан шүүмжлэлтэй хандсан. Төсвийн хүрээний мэдэгдээд популист талын мэдээлэл их байна. Эдийн засгийн өсөлт 20 хувьд, нэг хунд ногдох ДНБ 4000 ам.доллар байна гэх мэтээр тайлбарласан. Гэхдээ нэг зүйлийг сайн тооцох хэрэгтэй байгаа юм. Чуулганы хуралдаанаар энэ асуудлаар эдийн засагч гишүүд ч дуугараагүй. Дэлхийн эдийн засгийн өсөлт одоо хүртэл Европ, Испаниас хамааралтай байгаа. Евро бүсийн эдийн засгийн өсөлт үндсэндээ зогсонги байдалд орсон. Цаашлаад дэлхийн эдийн засгийн хямрал эргээд бий болох асуудал яригдаж байна. Хятадын эдийн засгийн чиг хандлагаас улбаалаад Монголын баялаг, түүхий эд дэлхийн эдийн засагт шууд хамааралтай болоод байна. Гэтэл үүнийг ерөөсөө дурьдахгүй байгаа юм. Зэсийн үнийг асар өндрөөр төсөөлөөд оруулаад ирсэн байна билээ. Энэ нь дутагдалтай тал байсан. Нөгөө талаас бэлэн мөнгөний амлалт бүхий хуулийн төсөл боловсруулахгүй, амлалт өгөхгүй гэж ярьчхаад энэ долоо хоногт орж ирсэн зарим хуулийн төсөл нь амлалттай холбоотой   байна.   Манай   нам хүүхдийн мөнгөний асуудал ярьж байгаа. Гэтэл Олон хүүхэдтэй эхэд урамшуулал олгох хуулийн төслийг оруулаад ирлээ. Энэ нь шууд бэлэн мөнгөний амлалттай холбогдоно.

-Хэвлэл мэдээллийн салбарыг Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид оруулсан байсан. Оруулах шаардлагагүй гэх зэргээр яригдаж байсан биз дээ?

-Тодорхой байсан. Нийгэмд нөлөөлж чадах салбар бол хэвлэл мэдээлэл. Нийгмийг зөв ч залж чадна, буруу тал руу нь ч эргүүлж дөнгөнө.   Монголын   нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөх салбарт гадаадын том том корпориацууд хяналт тавьж, эргүүлэх боломж байдаг. Жижиг улс орнуудын хэвлэл мэдээллийг ашиглан төр засгийг нь сольж, төрийн эргэлт хийлгэж байсан тохиолдол олон байдаг. Хэвлэл мэдээллийг үндэсний аж ахуйн нэгжүүд өөрсдөө аваад явах ёстой.

-Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар хэлэлцэх асуудлууд чухал байсан ч гишүүд ач холбогдол өгөхгүй, сүүлийн өдрийн хуралдаанаар бүр залхсан шинж ажиглагдаж байсан. Хэн нэг албан тушаалтныг огцруулах асуудалд 71-үүлээ цугладаг ч улс орны эрх ашигт хамааралтай хуулийн төсөл батлахад 40 хүрэхгүй ирцтэй байсан?

-Бусад гишүүдийн өмнөөс яриад яахав. Гэхдээ газар доорхи баялаг хамгийн чухал асуудал. ҮАБ, монголчуудын ирээдүйн эрх ашгийг хөндөж байгаа асуудлыг хэлэлцэж байхад 71 ч биш 76-уулаа байх ёстой. Харамсалтай нь энэ том эрх ашгаас илүү эрх ашиг бусад гишүүдэд байдаг юм байлгүй дээ. Ёс зүйтэй, эх оронч байр сууринаас хандах ёстой. Олон тэрбум төгрөгийн том том төслүүд хэлэлцэхэд уралдаад л кнопоо дараад байдаг. Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах амин чухал хууль хэлэлцэхэд тал нь байхгүй байна гэдэг харамсалтай байгаа юм.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.