Су.Батболд: АН-ынхан парламентын гишүүний эрхийг хууль бусаар хязгаарлаж байна
90 гаруй жил төрийн эрхийг барьсан МАН-ынхан өнөөдөр УИХ-д бүлэг ч байгуулах эрхгүй гацаанд орчихоод байна. УИХ-ын гишүүн С.Батболдтой ярилцлаа.
-УИХ-д МАН-ын бүлэг байгуулах асуудлаар Ерөнхийлөгч хуулийн төсөл барьлаа. Гэвч бүлгийн хурал болон байнгын хороогоор авч хэлэлцсэнгүй. МАН энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-УИХ-д бүлэг байгуулах асуудлыг манай нам тавьж байгаа нь өөрөө заяагдмал эрх. Үндсэн хуульд зааснаар наймаас дээш гишүүн УИХ-д сонгогдсон л бол бүлэг байгуулагдах хуультай. Гэхдээ энэ нь хэн нэгэн дагалдах бичиг өргөн барьсныг нь уншснаар процессын хуулинд хязгаарлалт оруулах буруу зүйл. Тиймээс бүлэг байгуулах ёстой гэдгийг олон талаас нь ярьсан. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хууль намуудын зөвшилцөлтэй адилхан бичиг. Үүнийг намууд судлаад байх шаардлагагүй. Хэдэн сарын хугацаанд ярьсан хуулийн өөрчлөлт. Тийм учраас манай намын зүгээс өнгөрөгч мягмар гарагийн ТББХ-ны хурлаар энэ асуудлыг хэлэлцэж эхлэх нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Харамсалтай нь АН-ын зүгээс асуудлыг судлах шаардлагатай гээд хойшлуулсан. Үүнийг бид юу гэж үзсэн бэ гэхээр АН-ын бүлгийн зүгээс МАН-ыг бүлэгтэй байлгах уу, үгүй юу гэдгийг шийдэж байх хугацаанд тодорхой асуудлаа шийдвэрлүүлж авсны дараагаар бүлэг байгуулж өгөх байр суурьтай байна гэж бодож байгаа. Түүнээс хязгаарлаад, судлаад, дахиж ярилцаад байх зүйл энэ асуудалд байхгүй.
-Айлын эрх хүүхэд шиг уруулаа унжуулаад, бүлэг байгуулаагүй гэж гомдоллох болгоны өмнөөс бид ингэж хуулинд өөрчлөлт оруулаад байж болохгүй. Дараа, дараагийн хууль зөрчсөн үйлдэл гарна шүү дээ гэж АН-ынхан тайлбарлаад байгаа шүү дээ?
-Ер нь процессын хувьд бид албан тоот өгсөн шүү дээ. Хууль бус УИХ-ын дарга байгаа тохиолдолд чуулганы үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ л илэрхийлсэн. Тэр шалтгаанаас болоод бүлэг байгуулагдаагүй. Тэгээд ч Үндсэн хуулийн эрхзүйт байгууллага нь байгуулагдах эрх нь бий. Процессын хуулиар аливаа нэг зүйлийг хүндрүүлдэг байдлыг халах нь зүйтэй. Хэрвээ тухайн хуулиар харилцан зохицуулахдаа алдаатай байвал тодорхой хэмжээнд өөрчлөх нь зүйтэй.
-МАН Бага хуралдаа оролгүйгээр УИХ дахь намын бүлгээ байгуулчихсан бол өнөөдөр ингэж асуудал сунжрахгүй л байсан шүү дээ?
-Хувь улстөрчийн хувьд бид бүлгээ байгуулчихсан байсан бол улстөрийг өөр маягаар хийх боломж байсан. Аливаа асуудлыг ард түмэнд ашигтай байдлаар шийдвэрлүүлэх бололцоо бий гэдэгтэй санал нэг байна.
-Хамгийн гол нь Бага хурлаа нэн тэргүүнд тавьснаар л ийм зүйл болсон байна шүү дээ?
-Ер нь бол 24 цагийн дотор хууль бус даргынхаа томилгоог болих нь зүйтэй гэж л хэлсэн.Гадны судлаачид УИХ-ын дарга гэдэг албан тушаалыг яах аргагүй парламентад суудалтай намуудын зөвшилцөөн дээр бий болгодог. Түүнээс биш спикерийг парламентад суудалтай намууд нь зөвшилцөлгүйгээр олонх нь тавьдаг тохиолдол дэлхийн түүхэнд байхгүй.Ингэж тавьсан тохиолдолд парламентын үйл ажиллагаа цааш хэвийн явуулахад хүндрэл үүсгэдэг. Маш их зөвшилцөөний үр дүнд харилцан ойлголцож байж спикерийг томилдог тогтолцоо бий. Энэ бол монголын ардчиллын булшилсан, ардчиллын үйл явцыг зөрчсөн үйл явц. Гэтэл шөнө дөлөөр хуралдаж, олонхиороо түрий барьж тавих нь буруу зүй тогтол. Хамгийн гол нь УИХ-ын даргад хэнийг томилсон нь гол биш. Бид зөв зүйтэй талаас нь тавих шаардлагатай гэдэг зүйл хэлээд байна. Түүнээс бага хурал хуралдуулах гэж яарсан зүйл алга.
-Аливаа асуудал УИХ-ын тухай хуулийн дэгийн дагуу байх ёстой гэж АН-ынхан тайлбарлаад байгаа шүү дээ?
-Хүч түрээгүй, хуулийн дагуу байсан юм бол хамгийн ахмад настай хүнээр хурал даргалуулна гэдэг заалтаа яагаад баримтлаагүй юм бэ. Үүнээс эхлээд АН-ынхан хууль зөрчөөд эхэлсэн байхгүй юу. Зөвшилцөл дээр үндэслэн спикерийг томилно гэж заасан байхад бас л зөрчсөн шүү дээ.
-АН бүлэггүй, хоёр жил зөвлөл нэрийдлээр үйл ажиллагаагаа явуулж байсан. Тухайн үед хүчтэй сөрөг хүчин байсан. Та нар иймэрхүү байдлаар ажиллаж болохгүй байгаа юм уу?
-Энэ нь хоёр өөр улстөрийн нөхцөл байдал. Одоогийн хуулинд эвсэл байгуулагдаж сонгуульд оролцчихоод санал авч, парламентад ирсэн хойноо задрах юм бол бүлэг байгуулах эрхгүй байдаг. Тэр утгаараа тухайн үеийн АН бол “Эх орон ардчилал” эвсэл гэж сонгуульд оролцож суудал авчихаад, орж ирсэн хойно задарсан учраас бүлэг байгуулах эрхгүй болсон. Бид парламентын зөвшилцөөний үр дүнд үнэхээр бүлэггүй болчихлоо. Тэдгээр хүмүүсийг зохион байгуулалтад оруулж, парламентын үйл ажиллагаанд оруулах зайлшгүй шаардлага бий гээд зөвлөл гэдэг юмыг байгуулж өгсөн түүхтэй. Одоогийн энэ нөхцөл байдал тэр үеийн байдал хоёр эрхзүйн хувьд өөр зүйл.
-Та бүхэн бүлэггүй учраас байнгын хорооны хуралдаанд оролцож чадахгүй байна. Ядаж л 2013 оны төсвийг батлах болчихоод байдаг. Мөн УИХ-ын гишүүний асуудал, тойргийнхоо асуудлыг хэлэлцүүлж чадахгүй хохироод байгаа биз дээ?
-Энэ бол парламентын жишгээр сонгоод явуулсан парламентын гишүүний эрхийг хууль бусаар хязгаарлаж байна гэж бид үзэж байна. Маш олон асуудал дээр оролцож чадахгүй байна. Байнгын хорооны хуралдаанд үг хэлэх эрхгүй. Төсвийн хэлэлцүүлэгт орохгүй болчихлоо. Мөн бүх томилгоо, бүтцийн асуудлуудыг МАН-гүй, сөрөг хүчингүй явуулъя гэсэн бодол байгаа юм шиг байна. АН-д МАН-ын бүлгийг нэг хоног ч гэсэн хойшлуулах сонирхол байгаа. Мэдээж манайд намд хохиролтой зүйл л дээ. Парламентын гишүүний эрхийг хууль бусаар хязгаарлаж байна гэж бид үзсэн. Тиймээс олон улсын парламентын холбоонд энэ талаар гомдол гаргасан.
-2013 оны төсвийг АН өөрсдөдөө зориулаад гаргаж байна.Хамгийн наад захын жишээ нь Ерөнхий сайдын багцад багтсан 50 тэрбум төгрөг. Энэ онд орж ирэх 5 сая долларын зээл гэх асар их мөнгөний хуваарилалт хийж байна шүү дээ?
-АН төсвийг сөрөг хүчнийг байлгахгүйгээр баталъя гэсэн бодол байх шиг байна. Хоёрдугаарт энэ удаагийн төсөв ард иргэдийн амьжиргааг хангах байдал руу чиглэгдсэн төсөв биш. Ер нь Монгол Улс төсвөөсөө их хамааралтай орон. Яагаад гэвэл улсын сектор нь давамгайлсан, хувийн сектор хүчтэй болж чадаагүй. Нийт бий болгож байгаа баялаг нь улсын, хэрэглээ өндөртэй, төсвөөс хамаарч амьдардаг орон. Тийм учраас төрийн албан хаагчдын цалин хөлсний асуудал, өндөр настнуудын тэтгэвэр тэтгэмж, тахир дутуу, нийгмийн халамж шаардлагатай хүмүүсийн асуудал төсвөөс хамаардаг. Энэ удаагийн төсөв дээр нэг ч төгрөгийн нэмэгдэл байхгүй байна. Өнөөдөр инфляцийн түвшин, дэлхийн эдийн засгийн хямрал гээд ард иргэдийн амьжиргааг сайжруулах шаардлага тулгарсан. Үүнийгээ ч төсвийн бодлогоор дамжуулж хангах ёстой шүү дээ. Гэтэл ийм юмгүй төсөв орж ирсэн. Нэг төсвийн албан хаагчийн ард талд бол бүхэл бүтэн айл өрх хамаарч байдаг. Монгол Улсад төсвөөс хамааралгүй амьдардаг гэр бүл алга. Хэн нэг нь төрийн албан хаагч, тэтгэвэр тэтгэмж авч амьдардаг ард түмний хувьд төсвөөс хамааралгүй амьдарна байхгүй. Тэгтэл нэг ч төгрөгийн нэмэгдэлгүй төсвийг оруулж ирж байна.
Тэгээд үүнийг бид ард түмний эсрэг чиглэсэн төсөв гэж үзэж байгаа.
Гадна талдаа ямар ч мөнгө байхгүй юм шиг байдал харуулж байгаа боловч энэ жилийн төсөв маш их тэлсэн. Энэ юундаа тэлсэн бэ гэхээр төсвийн ерөнхийлөн захирагч сайд дарга нарын эрх мэдэлд очих мөнгө юунд зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй байгаа. Шинэчлэл нэрийн дор маш олон тэрбум төгрөг тавьсан. Хамгийн тод жишээ Ерөнхий сайдын 50 тэрбум төгрөг байна.
-Ерөнхий сайдын 50 тэрбум төгрөгийн задаргааг нягталж үзэв үү?
-Үзсэн. 50 тэрбум төгрөгийн задаргаа гээд үзэхэд Ерөнхий сайд тэрийг хийх ямар шаардлагатай юм бэ гэдэг асуулт аяндаа урган гарч ирнэ. Аймгийн төв дээр битүү зах барих ямар шаардлага байгаа юм бэ. Аймгуудад спорт ордон, цэнгэлдэх хүрээлэн барих нь тийм чухал уу. Энэ мөнгийн заавал Ерөнхий сайд өөрийн багцдаа суулгах ямар шаардлагатай юм бэ. Түүнийхээ оронд 50 тэрбум төгрөгөөр аймгуудын дулааны станцуудыг нэг бүрчлэн шинэчилсэн бол шинэчлэл гэж харагдана. Наандаж бүх аймгуудын төв хот биш хөдөө ч биш юм болчихжээ. Уурын зуух, халуун ус байхгүй, 70-аад оны эхээр баригдаад одоо хуучирч хөлддөг болсон аймгуудаас дулааны станц бариад өгчихөд аймгийн төвүүд ядаж л хотын төрхтэй болчихно шүү дээ. Хөдөө орон нутагт цэвэр, бохир усны шугамтай болчихвол юу гэж Улаанбаатар руу нүүгээд байх юм бэ. Үүнийг л Ерөнхий сайд хийнэ гэж 50 тэрбум төгрөг тавьсан бол хоёр гараа өргөөд дэмжинэ. Гэтэл ямар ч хэрэггүй зүйлд төсөвлөсөн байна.
-2013 оны төсөв та бүхний баталсан төсөөлсөн төсөв шүү дээ?
-Үгүй.
-Гэхдээ ихэнх нь түрүүчийн Засгийн газрын оруулж ирсэн төсөв. Бидэнд хийгээд байгаа зүйл байхгүй гэж АН-ыхан хэлээд байгаа нь ямар учиртай юм бэ?
-Төсөв наймдугаар сард боловсрогддог. Шинэ Засгийн газар бүрдээд л боловсруулсан. Наймдугаар сард төсөв боогддог учраас манай намын Засгийн газрын төсөв биш.
-УИХ-ын гишүүдийн саналаар асуудлыг төсөвт тусгагдсан санал шүү дээ.
-Гайхалтай нь энэ удаагийн төсөв орон нутгийн тэнцвэрт байдлыг илт алдагдуулсан. АН-ын сайд нарын аймаг тойрогт, хэдэн арван тэрбум төгрөг хуваарилагдсан. Өөр аймгуудад бага мөнгө байх жишээтэй. Жишээ нь Эдийн засгийн хөгжлийн сайд сум болгондоо сургууль, цэцэрлэг, эмнэлэг барихаар төсөвт суулгасан байна билээ. Ийм шударга бус зүйл байж болохгүй шүү дээ.