С.Бямбацогт: АН өнгөрсөн үе рүүгээ буу шагайх хэрэггүй
2012.11.08

С.Бямбацогт: АН өнгөрсөн үе рүүгээ буу шагайх хэрэггүй

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа

-Төрийн байгуулалтын байнгын хороогоор МАН-ын бүлгийн асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Энэ асуудал чуулганаар хэлэлцэгдэж МАН-ын бүлэг баталгаажих нь тодорхой боллоо? 

-УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдаа ны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг зөвхөн МАНын бүлэг байгуулахтай холбож яриад байх юм. Түүнээс гадна нэлээд олон асуудал байгаа шүү дээ. УИХ-ын чуулганаар ямар нэгэн хууль хэлэлцэх явцад засч, залруулах, сайжруулах олон зүйл заалт гардаг. Түүнийгээ нэгт гэж базаад оруулъя л гэж байгаа. Мөн завсарлагын асуудал, МАНын бүлгийг баталгаажуулах талаар ч бий. Уг нь намын бүлэг аль хэдийнэ Үндсэн хуулийн дагуу байгуулагдчихсан. Гагцхүү үүнийг УИХ-ын дарга зарлаж, мэдээлэх л үүрэгтэй. Гэтэл УИХ-ын дарга тэр үүргээ биелүүлэхгүй, хууль зөр чөөд байх юм.

Анх УИХ-ын дарга томилогдоход л хууль зөрчөөд эхэлснийг хүн бүхэн мэдэж байгаа.

Тиймээс цаашид энэ олон хууль зөрчсөн асуудлаа нэгтгээд нэг мөр шийдье. Алийн болгон хууль зөрчөөд явах вэ гэсэн байдлаар л асуудалд хандаж байгаа. Өнөөдрийн парламент ардчилсан бус, зөвшилцлийн биш, хүч түрж, хууль зөрчдөг л зарчмаар явж байна. Тиймээс ийм байдлаар цаашид явж болохгүй гэж үзээд энэ хуулийг хэлэлцүүлэх гээд байгаа хэрэг. Уг нь энэ асуудлыг аль эрт хэлэлцэх ёстой байсан. Харамсалтай нь олонхи хүч түрч, хууль зөрчсөн олон даварсан үйлдэл гаргаад байгаа учраас Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Одоо төслийг хэлэлцэж батлах байх.

-Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандан асуулга тавьсан. Асуулгын хариу тань ирсэн үү?

-Шинэ Засгийн газар байгуулагдаад удаж байна. Мэдээж ажил хийхийн тулд багаа бүрдүүлэх ёстой. Түүнийг ойлгоно оо. Гэхдээ багаа бүрдүүлж байна гээд төрийн албан хаагчдаа халаад байдаг нь ямар учиртай юм бэ. Бид Төрийн албаны тухай хууль баталсан. Хуульд төрийн албан хаагчид мэргэшсэн, тогтвортой, тасралтгүй монгол төрийн төлөө ажиллах үүрэгтэй гэж заасан. Мөн төрийн албан хаагчдыг улстөржүүлэхгүй, аливаа асуудалд намчирхаж болохгүй гэдгийг ч заачихсан байгаа шүү дээ. Гэтэл шинэ Засгийн газар байгуулагдсан цагаасаа эхлээд л Төрийн албаны тухай хууль болон бусад олон хуулийг зөрчиж байна. Тиймээс Засгийн газар хууль зөрчөөд байна уу, үгүй юу олон мянган төрийн албан хаагчдыг ямар үндэслэлээр яагаад ажлаас нь халаад байгаа юм бэ. Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх ёстой гэсэн зарчим яагаад хэрэгжихгүй байна вэ. Эсвэл танил тал, найз нөхдөө төрийн албанд томилж байна уу, үнэхээр тийм асуудал байна уу, түүнийгээ тодруулж мэдээлээч гэж УИХ-ын тухай хуульд заасны дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлж хуулийн хэрэгжилтийн талаар асуулга тавьсан. Асуулга тавиад сар гаруй хугацаа өнгөрч байна. Харамсалтай нь хариу ирэхгүй байна. Хариу ирэхгүй байгааг бодоход хууль зөрчсөн олон үйлдэл байгаа учраас хариу өгөхөд хэцүү байгаа юм болов уу гэж хардахад хүрч байна. Хэрвээ тийм биш бол хуулийнх нь хугацаанд УИХ-ын гишүүний асуулгад хариу өгөх үүрэгтэй. 

-Дахиад асуулга тавьж сануулах уу. Ерөнхий сайд ингээд л тоохгүй байвал цаашид яах вэ?


-УИХ-ын гишүүн хууль тогтоохоос гадна хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Би хяналт тавих үүргээ асуулга тавих байдлаар хэрэгжүүлж байгаа хэрэг. Мөн хууль зөрчиж байгаа асуудлыг шийддэг шүүх, Төрийн албаны зөвлөл, Үндсэн хуулийн цэц зэрэг олон байгууллага бий л дээ. Эдгээр байгууллага шат шатандаа анхаарах ёстой. Мөн анхаарал тавих хамгийн гол субъект бол хэвлэл мэдээллийнхэн.

-АН-ынхан Чингис хааны төрсөн өдрийг тэмдэглэдэг болно гэх юм. Ингэхдээ цагаан сар шиг билгийн тооллоор тоолж тэмдэглэнэ гэсэн. Ийм асуудал байж таарах уу? 


-Бид албан ёсны кирилл бичиг хэрэглэдэгтэй адилхан аргын тооллыг хэрэглэж ирсэн шүү дээ. Тиймээс нэг л тогтсон өдрөөр явах хэрэгтэй. Түүнээс хэзээ ч хамаагүй тэмдэглэх нь утгагүй л дээ. 

-Уг нь улс тунхагласны баяраар л бүх нийтээр амардаг байсныг болиулчихсан. Энэ шийдвэрийг зарим хүн улстөрийн шинжтэй бодлого гэж бухимдаж байна. Үнэхээр үүний цаана тийм санаа нуугдаж байгаа юм болов уу?


-Өнгөрсөн бүхнээ үгүйсгэх нь сайн зүйл биш. Өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудах юм бол ирээдүй чам уруу их буугаар буудна гэдэг үг байдаг шүү дээ. Нэгэнт түүх болоод өнгөрсөн зүйлийг сайн муугаар ярьж баллуурдах гэж оролдсон ч арилахгүй. Мөн өнгөрсөн түүхээ шүүнэ гэдэг үнэхээр утгагүй, байж боломгүй зүйл. Яг тэр үйлдлийг ирээдүй дахиад л шүүнэ. Тиймээс өнгөрсөн үе рүүгээ буу шагайх хэрэггүй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.