“Эмэгтэйчүүд чадна” аян өнөөдрөөс эхэллээ
УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүдийн бүлгийнхэн сэтгүүлчдэд хандан Орон нутгийн сонгууль, Иргэдийн төлөөлөгчдын хуралд нэр дэвшиж байгаа эмэгтэйчүүдээ дэмжих зорилготойгоор “Эмэгтэйчүүд бид чадна” нэртэй аяныг арван дөрөв хоногийн хугацаатай эхлүүлж байгаагаа мэдэгдлээ. Аяны зорилго нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд тэгш оролцох ёстой. Хүйсийн тэгш байдал хангагдаж байж Монгол Улс ардчилсан орон гэдгийг харуулж чадна. Өнөөдөр шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо 50 байтугай 30 хувь ч хүрэхгүй байгааг онцоллоо. Тиймээс эмэгтэй гишүүд сонгогдоод чухам ямар зүйлсийг хийж гүйцэтгэж чадсан мөн хойшид юу хийх талаар иргэдэд мэдээлэх гэнэ.
УИХ-ын гишүүн, эмэгтэйчүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг:
-Өнөөдөр бид өмнөх онуудаас давуу талтай нь есөн эмэгтэй гишүүн сонгогдон ард түмнээ төлөөлж байна. Хэдийгээр дэвшилттэй ч гэлээ олон улстай харьцуулахад бас харьцангуй бага байгаа. Орон нутгийн төлөөлөлд УИХ-ыг бодвол илүү 30 хүртэлх хувьтай байдаг. Харин энэ удаагийн орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн эмэгтэй гишүүдийн тоо өмнөх жилүүдээ бодвол буурсан байна. Энэ нь орон нутагт очих төсвийн эрх мэдэл нэмэгдсэн нь эмэгтэйчүүд өрсөлдөх боломж хаагдаж байна гэж үзэж байна. Тиймээс энэ 14 хоногийн хугацаанд нам харгалзахгүйгээр эмэгтэйчүүдийг ялалт байгуулуулахын төлөө тэмцэнэ. Бид гишүүн болон сонгогдсоноос хойшхи 100 хоногийн хугацаанд хэд хэдэн хууль, тогтоолын төсөл санаачилж үүнийгээ батлуулан хэрэгжүүлж чадсан. Үлдсэн дөрвөн жилийн 1000 хоногт дахин юу хийхээ танилцуулна.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
-Хэдхэн сарын өмнө УИХ-ын сонгууль болох гэж байхад хэвлэл мэдээллийн байгууллагынхантай хамтран “Эмэгтэйчүүд чадна” аяныг өрнүүлсэн. Үүний үр дүнд өнөөдөр есөн гишүүн сонгогдоод байна. Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар ярихаар зөвхөн УИХ-д оруулах гэж ойлгодог. Гэтэл энэ бол бүх шатанд нэмэгдүүлэх асуудал юм. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд жендерийн тэгш эрхийг хангах үндэсний хороо, олон улсын байгууллагууд байнга хамтран ажилладаг. Тиймээс өнөөдөр орон нутгийн хэмжээнд 985 сонгуулийн суудалд 2765 хүн нэрээ дэвшүүлээд байгаа. Энд нэр дэвшсэн аймаг, сум, дүүргийн эмэгтэйчүүдээ дэмжиж бид энэ ажлыг зохиож байгаа. Өрх гэр бүлийн амьдралд жижиг зүйл гэж байдаггүй. Тиймээс нийгэмд байгаа тэр жижиг зүйлүүдэд эмэгтэй хүний торгон мэдрэмжээр хандаж шийдвэрлэхэд эмэгтэйчүүд чухал үүрэгтэй. Тиймээс энэ хүмүүсийн төлөө саналаа өгөөсэй гэж хүсэж байна.
УИХ-ын гишүүн С.Оюун:
-Арваннэгдүгээр сарын 21-нд болох орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаа бүх эмэгтэй нэр дэвшигчиддээ баяр хүргэж, урам зориг өгөх зорилготой энэ аяныг зохиож байгаа. Эмэгтэй нэр дэвшигчид өөрсдийн нэр дэвшиж байгаа тойрог, нутаг орондоо тулгарсан бэрхшээлийг шийдвэрлүүлэх гэж зориглон нэр дэвшиж байгаад бахархаж амжилт хүсэж байна. Энэ жилээс төсөв болон шийдвэр гаргах түвшинд орон нутгийн эрх мэдэл нэмэгдэж байгаа. Тухайлбал, байгаль орчны салбарт 125 тэрбум төгрөг 2013 онд төсөвлөгдсөн. Үүний 42 тэрбум нь орон нутагт зарцуулах төсөвт хуваарилагдсан. Үүнийг байгаль орчны хамгаалах, нөхөн сэргээх, аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлээр шууд зарцуулах боломжтой болж байгаа юм. Тиймээс эмэгтэй гишүүд зоригтой байж, сонгогчид эмэгтэй гишүүдээ дэмжээрэй гэж уриалмаар байна.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:
-Эмэгтэйчүүд үзэл бодолдоо үнэнч байдгийг өнгөрсөн цаг хугацаа харуулсан. Эмэгтэй гишүүд нэг зорилготой байвал нэгдсэн үр дүнд хүрч чаддаг гэдгийг бид харуулсан. Төсөв батлахад явцад нийгмийн томоохон хөрөнгө оруулалтдаа анхаарахаас нийгмийн эмзэг асуудлыг орхигдуулдаг. Монгол хүн монголын баялаг байх ёстой, иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлхэд анхаарлаа хандуулан , хүчээ дайчлан ажиллахаар эмэгтэй гишүүд нэгдэж байгаа юм. Бидний энэ зоригыг орон нутгийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй бүсгүйчүүд дэмжиж ажилласнаар үр дүнд хүрнэ.
УИХ-ын гишүүн Р.Бурмаа:
-Хэвлэл мэдээллийн байгууллагууд УИХ-ын сонгуульд нам үл харгалзан эмэгтэй гишүүдийг дэмжсэнтэй адил орон нутгийн сонгуульд ч нам харгалзахгүйгээр дэмжихийг уриаллаа. Энэ дэмжлэгийн үр дүнд эмэгтэй гишүүд энэ хугацаанд нам үл харгалзан нийгмийн сайн сайхны төлөө хамтран ажилласан. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, засаглалын хариуцлагатай болгох талаар, нийгмийн асуудлаар бид хамтран ажилласан шиг орон нутагт эмэгтэйчүүд ч гэсэн хамтран ажиллаж чадна гэж бодож байна гэлээ.