2025.06.18

Х.Тэмүүжин: Эрүүгийн хуульд заасан хуулийн этгээд гэдэг ойлголтод төр хамаарахгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2025/06/18ны өдрийн хуралдаанаар "Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 20 гишүүн 2025.05.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ.

Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дараах байр суурь илэрхийлэв.

Эрүүгийн хуульд худал мэдээллэх гэдэг гэмт хэрэг байгаа. Энэ худал мэдээллэх гэмт хэргийн дотор ямар өгүүлбэр байгаа вэ гэхээр хуулийн этгээдийн алдар хүндэд халдсан бол гэдэг нэг ийм ойлголт байгаа. Сүүлд Эрүүгийн хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор энэ хуулийн этгээд гэдгийг ашиглаж төрийн байгууллагууд гомдол гаргадаг болж хувирсан. Өөрөөр хэлбэл төрийн байгууллага бас хуулийн этгээд учраас бидний алдар хүндэд халдлаа гэдэг байдлаар иргэнтэйгээ заргалддаг. Ийм жишиг тогтоод нэг бус нэлээн хэдэн шүүхийн шийдвэрүүд гараад цөөнгүй иргэд бол ял шийтгүүлсэн байгаа. Орчин үеийн 1992 оны Үндсэн хуулиар ардчилсан либерал Үндсэн хууль гэдэг тунхагласан. Энэ үндсэн хуулийн үзэл санаагаар бол төр иргэнтэйгээ өрсөлдөхүйц нэр төртэй байхыг бол хориглодог. Нэр төргүй юу? Degnity гэдэг ойлголт зөвхөн иргэний эрх чөлөөний хэсэг байдаг. Тийм учраас хуулийн этгээд гэдэг Эрүүгийн хуульд ашиглагдсан нэр томьёог ашиглах байдлаар төр иргэнээсээ давсан нэр алдартай байх ийм нэг гажуудсан байдал бий болж эхэлсэн. Ардчилсан улс оронд төр хуулийн этгээдийн эрх эдэлдэг ганцхан тохиолдол байдаг. Энэ бол иргэний маргаантай. Гэтэл эрүүгийн буюу нийтийн эрх зүй дээр төр энийг ашиглах гэж оролдож байгаа байдлыг халахын тулд Эрүүгийн хуульд заасан хуулийн этгээд гэдэг ойлголтод төр хамаарахгүй гэдэг тайлбар хийж өгч байгаа.