
УИХ-ын гишүүн П.Батчимэг “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг тэлэх” нь сэдвээр илтгэл тавилаа
Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улстөрчдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний манлайлах бололцоог сурталчлах “Бид эмэгтэйчүүд” чуулган хоёр дах өдрөө үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн П.Батчимэг өнөөдрийн /2025.05.22/ Эдийн засаг ба хөдөлмөр эрхлэлт салбар хуралдаанд “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг тэлэх” нь сэдэвт илтгэл тавилаа.
Тэрбээр, манай улсад өнөөдрийн байдлаар 1,3 сая хүн ажил, хөдөлмөр эрхэлж байгаагийн 577 мянга нь эмэгтэйчүүд буюу хөдөлмөр эрхлэлтийн түвшин 44.4% байгаа нь доогуур үзүүлэлт гэж үзэж болохоор байна. Мөн цалин өндөр салбар болох уул уурхай, барилгын салбарт эзлэх хувь бага байгаа бол, цалин багатай албан бус хөдөлмөр эрхлэлт болох нийгмийн үйлчилгээ, хүнс үйлдвэрлэл, худалдааны салбарт эмэгтэйчүүд зонхилж байна.
Хөдөлмөр эрхлэхийн зэрэгцээгээр эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй харьцуулахад гурав дахин илүү цагийг гэр ахуйн ажил, өрхийн гишүүдийг асрахад зарцуулж байна. Ийнхүү эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, оновчтой үйл ажиллагаануудыг санаачилж, холбогдох таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч, дорвитой өөрчлөлт хийхгүй бол дээрх ялгаатай байдал цаашид ч үргэлжлэх хандлагатай байна.
2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр 32 эмэгтэй УИХ-ын гишүүнээр сонгогдож парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 25,4 хувь болсон нь Ази тивдээ парламент дахь эмэгтэй гишүүдийн оролцооны түвшнээрээ тэргүүлж эхэлсэн. Иймд эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд УИХ-ын эмэгтэй гишүүд маань манлайлж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов.