
Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллана
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн С.Дондов, Ж.Хунан нар Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Л.Төр-Одтой өнөөдөр /2025.05.16/ уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан хувийн аж ахуй эрхлэх эрхийн хэрэгжилт, бизнесийн үйл ажиллагаа дахь хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийг танхимын гишүүн ААН-үүдэд сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангаж ажиллахад зөвлөн туслах хэрэгцээ, шаардлага, цаашид талууд хамтран ажиллах чиглэл тодорхойлох зэрэг асуудлаар санал солилцлоо.
Цаашид бизнесийн салбар дахь хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн зөрчлийг илрүүлж, таслан зогсоож, арилгахад талууд өргөн хүрээтэй хамтран ажиллах шаардлагатай гэж уулзалтаар дүгнэж, дараах чиглэлд хамтран ажиллахаар тогтлоо.
Үүнд, аж ахуй эрхлэх эрхийн хэрэгжилтийн талаар судалгаа хийх, хөдөлмөрийн харилцаан дахь дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургагч багш бэлтгэх.
Хүний эрх хамгаалагчийн үйлдлийг хамгаалах зохицуулалтыг байгууллагын дотоод журамд тусгаж, хэрэгжилтийг хангах, сургалт зохион байгуулах үүргийг хэрэгжүүлэх тухай аргачлалыг ААН-ийн дотоод журамд тусгуулах, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын талаарх тухай хуулийг сурталчлах, таниулах сургалтыг зохион байгуулах.
“Бизнес ба хүний эрх” үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, бизнесийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх, уг үнэлгээг шилдэг аж ажуйн нэгж шалгаруулах шалгуур үзүүлэлтэд тусгах, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад ААН бүр хүүхэд хамгааллын бодлоготой байхаар заасан заалтыг хэрэгжүүлэхэд МХАҮТ-аас бодлогоор дэмжих, “Хүн бүр хүүхэд хамгаалагч” дуудлагад танхимын гишүүн ААН-ийг татан оролцуулахад дэмжлэг үзүүлэхээр тогтлоо.
Ташрамд дурдахад, МХАҮТ нь 6500 гаруй гишүүнтэй. Гишүүдийн дийлэнх олонх нь гарааны болон жижиг дунд бизнес эрхлэгч бөгөөд эдгээрийн 70 гаруй хувь эмэгтэй бизнес эрхлэгч. Улаанбаатар хот, 21 аймаг дахь салбар танхимаар дамжуулж гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалдаг.

Сэтгүүлч