
Шадар сайд Т.Доржханд "Түншлэл: Худалдаа, Хөрөнгө Оруулалтын Форум”-ыг нээлээ
Өчигдөр /2025.05.15/ болсон "Түншлэл: Худалдаа, Хөрөнгө Оруулалтын Форум”-ыг “Дорнын түншлэл бизнесийн зөвлөл” зохион байгуулж буй бөгөөд БНХАУ, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын уул уурхай, эрчим хүч, тээвэр, логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 50 орчим компаниудын 100 гаруй төлөөлөгч ирж оролцлоо.
Дорнын түншлэл бизнесийн зөвлөл нь Монгол улсын бизнес эрхлэгчдийг гадаадын зах зээл тэр дундаа Монгол Улсын гадаад худалдааны хамгийн том түнш орон болох БНХАУ, цаашлаад Зүүн Азийн бүс нутгийн зах зээлд бизнесээ тэлэх, гаргахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой байгууллага юм.
“Дорнын түншлэл: Худалдаа, хөрөнгө оруулалтын форум” нь Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэхэд гадаадын хөрөнгө оруулагчидтай урт хугацааны түншлэл үүсгэж, үр ашигтай, тогтвортой хамтын ажиллагааг бэхжүүлэхэд гадаадын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад үндсэн эх сурвалжаас нь буюу Монгол Улсын төрийн эрх бүхий байгууллагаас Монгол улсын баримталж буй бодлого, шийдвэр, хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчин нөхцөл, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг авах боломжоор хангах үндсэн зорилготойгоор зохион байгуулж байна.
Форумын үеэр Шадар сайдын зөвлөх Г.Жавхлантөгс “Монгол улсын хөрөнгө оруулалтын орчин” сэдвээр илтгэл тавив. Тус илтгэлд хөрөнгө оруулагчид Монгол улсын хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн байдал болон хууль эрхзүйн орчинд оруулж буй өөрчлөлтүүд, тухайлбал Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд орж буй гол өөрчлөлтүүдийн тухай, Монгол улсын тэргүүлэх салбарууд, тухайлбал уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, финтекийн салбарт хөрөнгө оруулах боломжуудын тухай танилцуулав.
Түүнчлэн Эрчим хүчний реформыг үндэсний хорооны ажлын албаны дарга Л.Жамбаа “Монгол улсын эрчим хүчний салбарын реформ ба хөрөнгө оруулалтын боломжууд” сэдвээр илтгэл тавив. Тус илтгэлд эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах боломжийн тухайд сэргээгдэх эрчим хүчний чиглэлд баримталж буй бодлого, төрөөс үзүүлж буй дэмжлэгийн талаар мөн ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн талаар танилцуулга хийв.