Ж.Хунан: Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн уналт, таталтын эсрэг эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай!
ХЭҮК, ХНХЯ-тай хамтарсан 2023 онд гүйцэтгэсэн нээлттэй хяналт шалгалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах, эсэн мэнд амьдрах, хөгжих эрх хангагдахгүй, хүүхэд хамгааллын үйлчилгээ авч чадахгүй тогтолцооны гадна “орхигдож” байна гэж дүгнэсэн.
Тухайлбал, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд уналт таталтын эсрэг эмийг эмчийн жороор өдөр тутамдаа хэрэглэх ёстой хэдий ч эмийн чанар, нөөц, татан авалт, бүртгэл болон орон нутагт шууд түгээдэггүй зэрэг шалтгаанаар эмээ тогтмол ууж чадахгүй байх нөхцөл үүсдэг байна.
Шаардлагатай эм, тарианы хүртээмжтэй байдлыг тандаж үзэхэд, судалгаанд хамрагдсан иргэдийн 82.7 хувь нь хүртээмжгүй, 17.3 хувь нь хүртээмжтэй гэж дүгнэсэн нь анхаарал татсан тул уг асуудлыг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд нарийвчлан тусгаж, УИХ-д танилцуулсан байдаг.
Зөвлөмжийг ЭМЯ-нд хүргүүлсэн ч нөхцөл байдал өнөөдрийг хүртэл өөрчлөгдсөнгүй
ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан Уналт таталтын эсрэг эмийн нөөц, хүртээмжийг нэмэгдүүлэх, гадаад улсад эмчлүүлж эх орондоо ирсэн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд шаардлагатай эм нь хэрвээ Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй бол яаралтай горимоор бүртгэж, даатгалд хамруулах тухай Комиссын гишүүний 01/38 дүгээр зөвлөмжийг Эрүүл мэндийн сайдад хүргүүлсэн хэдий ч нөхцөл байдал өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй байгааг онцолсон.
Уналт таталтын эсрэг зарим эм орон нутагт байнга тасалддаг!
Түүнчлэн "Уналт таталтын эсрэг зарим эм орон нутагт байнга тасалддаг. Орон нутгаас шууд худалдан авалт хийх боломжгүй хомс тул Улаанбаатар хот руу захиалдаг зэрэг нь иргэдийн тэр дундаа хүүхдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг зөрчиж байна. Иймд орон нутаг дахь байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо, тэдгээр хүүхдүүд уналт таталтын эсрэг ямар төрлийн эм хэрэглэж байгааг Эрүүл мэндийн яам нарийвчлан судалж, бодлогын түвшинд шийдвэрлэх шаардлагатай" гэлээ.
Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн зүгээс уналт таталтын эсрэг эм тасалдах вий гэдэг айдастай байдаг. Уналт таталтын эсрэг эмийн нөөц, татан авалт хангалтгүй байгаа тул эмийн нэр, төрлийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулах, орон нутагт шаардлагатай эмийг шууд нийлүүлэх арга хэмжээг авах, эмийн тасалдлаас урьдчилан сэргийлэх, эрсдэл бууруулах хариу арга хэмжээ авах журмыг боловсруулж, батлах шаардлагатай байгааг тодотгов.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан