2025.04.18

Х.Тэмүүжин: 33 жилийн түүхэнд анх удаа Улсын Их Хурал ҮХЦ-д хүсэлт гаргаж байна

ИХ-ын чуулганы /2025.04.18/-ны хуралдаанаар Монгол Улсын Их хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: 

33 жилийн түүхэнд анх удаагаа УИХ ҮХЦ-д хүсэлт гаргаж байгаа. Хүсэлт гаргах болсон шалтгаан нэлээн нюанстай. Монгол Улсын Үндсэн хуулиар УИХ-ын шийдвэр зөвхөн ҮХЦ-д хянагддаг. Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар. Гэтэл өнөөдөр практик дээр юу болсон бэ гэхээр Монгол УИХ-ыг ердийн шүүх дуудаж байгаа. УИХ-ын тэмдэглэл, хуралдаанаар шийдсэн асуудал, шийдэх болсон үндэслэл гэх мэтчилэн олон зүйлийг шүүх нотлох баримтын хэмжээнд гаргаж өг гэж шаардаж байгаа. УИХ итгэмжилсэн төлөөлөгчөө энэ хуралдаанд томил гэж хэлж байгаа. агуулга нь УИХ-д ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагын даргыг томилсон чөлөөлсөн асуудлаар нэг иргэн гомдол гаргасан. Энэ практик хууль ёсоор цаашаа үргэлжлэх юм бол УИХ Ерөнхий сайдыг огцруулах, УИХ ямар нэгэн албан тушаалтныг томилох асуудлаар "томилогдоогүй" хүн УИХ-ыг шүүхэд өгөх хэмжээний "гажуудал" үүсэх гэж байна. Энэ гажуудалыг засах ёстой.

Монгол Улс бол парламентын засаглалтай гэж ярьдаг. Үндсэн хууль дээр төрийн эрх барих дээд байгууллага бол УИХ гэж хэлдэг. Хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгалагдана. УИХ Монгол Улсын гадаад дотоод бүхий л асуудлыг авч хэлэлцэх эрхтэй гэж үндсэн хуулийн заалт байгаа. Энэ үндсэн хуулийн хил хязгаарыг ердийн шүүх давж алхаж болохгүй. Энэ гажгийг таслан зогсоох нэг арга зам бол цэцтэй холбоотой хүсэлт илэрхийлэх. Яагаад ийм гажиг үүссэн бэ гэхээр УИХ сүүлд Шүүхийн тухай хууль дээр Дээд шүүх харьяалал нь тодорхойгүй маргааныг шүүхийн харьяалалыг тогтоож өгч болно гэдэг байдлаар бичсэн. Гэтэл 1997 онд Цэцийн тухай хууль дээр яг ийм заалт орчихсон юм билээ. Үндсэн хууль дээр бол Цэцэд ийм эрх мэдэл олгогдоогүй байгаа. Яг энэ асуудлаар иргэн гомдол гаргасаар байгаад ҮХЦ-ээс шүүхийн харьяалал тогтоогоод, Захиргааны шүүхэд УИХ-ыг аваачаад өгчихсөн. Тэгэхээр УИХ нийтийн захиргааны байгууллага шиг болж хувирч байгаа. Энэ бол Үндсэн хуулийн дэг журам, үндсэн хуулийн суурь байгуулал ганхахад хүрэх хэмжээний эрсдэлтэй үр дагавар юм.

Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд энэ арга замаар бид явж байгаа юм аа. Та бүхэн өнөөдрийн энэ асуудлыг хариуцлагатайгаар дэмжээд өгөөрэй гэж.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан