Монгол, Хятадын Парламент хоорондын Байнгын уулзалтын механизмын VI уулзалт боллоо
2025.04.14

Монгол, Хятадын Парламент хоорондын Байнгын уулзалтын механизмын VI уулзалт боллоо

Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын Байнгын уулзалтын механизмын VI уулзалт өнөөдөр /2025.04.14/ Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болов.

Уулзалтыг Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Х.Булгантуяа, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дэд дарга Луосан Жянцүнь нар удирдан явууллаа.

Хоёр улсын парламент хоорондын Байнгын уулзалтын механизмын VI уулзалтаар хоёр орны харилцаа тэр дундаа парламент, Байнгын хороодын хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан туршлага солилцох, мөн худалдаа, эдийн засаг, ногоон хөгжил гэсэн дөрвөн чиглэлээр цаашдын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.

Уулзалтад Монголын талаас Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга О.Цогтгэрэл, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга Э.Болормаа, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Б.Найдалаа, БНХАУ-ын талаас Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн, Үндэстний хорооны гишүүн Жан Тайфань, Санхүү, Эдийн засгийн хорооны гишүүн Хө Юүнжи, Байнгын хорооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Чэнь Фүли болон албаны бусад хүмүүс оролцлоо.