С.ЭРДЭНЭБОЛД ЯВГАН ХҮНИЙ ГАРЦЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙВ
2025.04.11

С.ЭРДЭНЭБОЛД ЯВГАН ХҮНИЙ ГАРЦЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙВ

2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Хүний эрхийн дэд хорооны дарга болон гишүүд Тээврийн цагдаагийн газарт ажиллаж, Улаанбаатар хотын явган хүний гарцын аюулгүй байдал, нөхцөл байдлын талаар танилцав.

Энэхүү уулзалтын үеэр Тээврийн цагдаагийн газраас 2025 оны 3 дугаар сарын 7-нд шинэчлэн сайжруулах шаардлагатай уулзварууд болон хүүхдийн сургалтын талбай байгуулах саналаа хүргүүлсэн.

Улаанбаатар хотын хэмжээнд 176 уулзвар байдаг бөгөөд 2023 оны байдлаар нийт 292 явган зорчигч зам тээврийн осолд өртсөн бол 2024 онд энэ тоо 535 болж, 54.5 хувиар өссөн байна. Зохицуулалттай гарц дээр 16, зохицуулалтгүй гарц дээр 276 явган зорчигч осолд өртсөнөөс харахад зохион байгуулалт, хяналт дутмаг байгааг илтгэж байна.

Энэхүү нөхцөл байдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан ХҮНИЙ АМЬД ЯВАХ ЭРХ, ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХИЙГ ноцтойгоор зөрчиж буй явдал юм.

Тээврийн Цагдаагийн Газраас ирсэн саналыг дүгнэвэл:

  • Явган зорчигчийн эрчим ихтэй 5 уулзварт гүүрэн болон нүхэн гарц байгуулах.
  • Механик ажиллагаатай гэрлэн дохио 15 байршилд суурилуулах.
  • Зөөврийн гэрлэн дохио 10ш, замын засвар, баяр наадмын үеэр тухайн байршилд явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах
  • Software system: явган зорчигчийг мэдрэх, гэрэл асах, аюулгүйн дохиолол, хяналтын ухаалаг камерыг багтаасан системийг 41 байршилд суурилуулах.
  • Хяналтын камер 15 байршилд нэмж суурилуулах.
  • Хүүхдийн замын хөдөлгөөний сургалтын талбайг бий болгох.

Тус асуудлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, М.Нарантуяа-Нара, Г.Уянгахишиг нарын хамт явган хүний гарцын аюулгүй байдлын талаар мэдээлэл хийж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаа илэрхийллээ.