Ажлын хэсгээс нөхцөл байдлын шинжилгээ хийх үүрэг даалгаврыг дэмжих багийн бүрэлдэхүүнд өглөө
2025.04.09

Ажлын хэсгээс нөхцөл байдлын шинжилгээ хийх үүрэг даалгаврыг дэмжих багийн бүрэлдэхүүнд өглөө

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг өнөөдөр (2025.04.09) хуралдаж, дэмжлэг үзүүлэх багийн гишүүдийнхээ санал, байр суурийг сонслоо.

Улсын Их Хурлын даргын 2024 оны 98 дугаар захирамжаар байгуулагдсан тус ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх багт Эрүүл мэндийн болон Сангийн яам, харъяа байгууллагууд, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрууд, анхан болон ахисан шатны эмнэлгүүд, Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв, Үндэсний Статистикийн хороо, Үндэсний аудитын газар, төрийн бус болон олон улсын байгууллагууд, анагаах ухааны сургуулиудын төлөөлөл оролцож байна.

Хуралдааны эхэнд ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа мэдээлэл хийж, Улсын Их Хурлын даргын захирамжаар өгөгдсөн чиглэл, удирдамж, тэдгээрийн хүрээнд хийж буй ажлууд болон хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох хүрээнд явуулсан судалгаа, иргэд, олон нийтээс авсан санал асуулга, асуумжийн дүнг танилцуулав. Мөн бодлогын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийхэд олон улсад баримталж байгаа аргачлалыг ашиглан Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоо, тусламж, үйлчилгээний хамралт, чанар, хүртээмжийн талаарх ерөнхий зураглалыг гаргасан байна.

Ажлын хэсгийн дэмжих багийн гишүүд өнөөдрийн хуралдаанаар хууль, эрх зүйн тулгамдсан асуудал, эрх зүйн зөрчилтэй зохицуулалтууд, тэдгээрээс бий болж буй хүндрэл бэрхшээл, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн үүрэг хариуцлага, ажлын үнэлгээ, цалин урамшуулал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний “хүн төвтэй” зарчмын хэрэгжилт зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцлоо. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн С.Эрдэнэбат хууль, эрх зүйн орчны зөрчилтэй байдлаас шалгаалан эрүүл мэндийн салбарын байгууллагууд өөр хоорондоо үл ойлголцох, зүй бусаар өрсөлдөх нөхцөл үүсэж буйг дурдан, гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох, эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулж, Үндэсний зөвлөлөөс батлан гаргаж буй журам, дүрмийг холбогдох хуульд нийцүүлэх шаардлага байгааг тэмдэглэсэн юм. Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд мөн эдгээр асуудлыг хөндөж, эрүүл мэндийн даатгалын санд хэт их ачаалал үүрүүлэхгүй байх, үнэ төлбөргүй буюу даатгалаас санхүүжүүлэх, мөн хөнгөлж чөлөөлөх өвчин, эмгэгийг ялгаатай тогтоох, эрүүл мэндийнхээ төлөө хүлээх иргэдийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, мэдлэг боловсролыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтыг чиглүүлэх шаардлага байгааг онцлов.

Дэмжих багт ажиллаж буй салбарын голлох байгууллагын төлөөлөгчид тус тусын үйл ажиллагаанд учирч байгаа бэрхшээл, нөхцөл шаардлага, тэдгээрийг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтын талаар ярьж, харилцан уялдаатай ажиллах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлсийг багасгах, мэргэжлийн байж, төсөв санхүү, урсгал зардал зэрэг асуудалд нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтний оролцуулдаггүй байх, өмчийн хэвшлээс шалтгаалсан ялгаатай байдал болон үйлчлүүлэгчдийн хандлага, хариуцлагыг дээшлүүлэх зэрэг нэн тэргүүнд тулгамдаж буй олон асуудал байгааг хөндөж тавив.

Ажлын хэсгээс дэмжих багийн бүрэлдэхүүнд тус тусын чиглэлээр дүн шинжилгээ, үнэлгээ дүгнэлт болон нөхцөл байдлын шилжилгээ хийж танилцуулах үүрэг даалгавар өглөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.