Цалингаас татдаг 10%-ийн татварыг 1 болгох цахим өргөдөлд 100 мянган иргэн гарын үсэг зурлаа
2025.04.01

Цалингаас татдаг 10%-ийн татварыг 1 болгох цахим өргөдөлд 100 мянган иргэн гарын үсэг зурлаа

Мэдрэмжтэй, сонгодог парламентыг төлөвшүүлэхэд иргэдийнхээ нэн тэргүүний асуудлыг соргогоор сонсож, шийдвэрлэх нь хамгийн чухал. Иргэд засаглах эрхээ шууд эдэлж буй цахим талбар бол өргөдөл гомдлын систем D-PARLIAMENT юм.

Иргэн Р.Шинэгэрэлийн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог 10%-ийн албан татварын хэмжээг 1  болгон бууруулах санаачилга бүхий цахим өргөдлийг энэ сарын 20-нд эхлүүлсэн. Өчигдрийн (2025.03.31) 18.00 цагийн байдлаар 100 мянган иргэн дэмжиж цахим гарын үсэг зурлаа.

Ингэснээр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39.4.1-д заасны дагуу "Хуулийн төсөл санаачлах саналыг 100,000 ба түүнээс дээш иргэн дэмжсэн бол УИХ авч хэлэлцэнэ" гэсэн болзлыг хангаад байна.

Иргэд, олон нийтийн саналыг аваад буй дээрх асуудал Улсын Их Хурлын байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны түвшинд хэлэлцэгдэн, шийдвэрлэгдэх боломж ийнхүү бүрдлээ.