А.Ариунзаяа: ХХДХ-г нэмэгдүүлэх нь олон бодлого, үйлчилгээтэй уялддаг учир шийдвэрээ эргэн хараасай
2025.03.13

А.Ариунзаяа: ХХДХ-г нэмэгдүүлэх нь олон бодлого, үйлчилгээтэй уялддаг учир шийдвэрээ эргэн хараасай

Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд аливаа төрийн үйлчилгээний төлбөр, хураамж нэмэгдүүлэхгүй байх үүрэг өгсөнтэй холбогдуулан УИХ гишүүн А.Ариунзаяа өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Энэхүү шийдвэрийг дагаад Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэн шийдвэрээ Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо эргэн харна гэж найдаж байна. Аливаа жилийн 1 сарын 1-нээс мөрдөх, хоёр жилд нэг удаа тогтоох, онцгой нөхцөлд бууруулах, эсвэл өөрчлөхгүй байх Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох хуулийн заалтуудыг Засгийн газрын төлөөлөл хэрэгжүүлээсэй. Хэрэв шийдвэрээ эргэн харахгүй бол 4 сарын 1-нээс Эрүүл мэндийн даатгалын шимтгэл, Сайн дурын нийгмийн даатгалын шимтгэл, Албан нийгмийн даатгалын Шимтгэл тооцох дээд хэмжээ, Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажлуулаагүйн төлбөр, Гадаад ажилтан ажлуулсны төлбөр гэх мэт олон төрийн үйлчилгээний төлбөр, хураамж нэмэгдэнэ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь зөвхөн цалин хөлстэй холбогдохгүй, олон бодлого, үйлчилгээ уялдсан байдаг учир хоёр жилд нэг тогтоох, төсвийн жилийн буюу 1 сарын 1-нээс хэрэгжүүлэх зэрэг хуультай юм" гэлээ.