
БНЧУ-тай нийтийн тээврийн салбарт хамтран ажиллана
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд найрамдах Чех улсад хийж буй албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд Монгол-Чехийн парламентын бүлгийн даргын хувьд оролцон ажиллаж байна.
Монгол-Чех улсууд 75 жилийн тэртээ дипломат харилцаа тогтоон эдийн засаг, худалдаа, соёл боловсрол, техник, технологи, барилга, уул уурхай зэрэг олон салбарт хамтран ажиллаж байна. Цаашид Чех улстай нийтийн тээврийн салбарт хамтран ажиллах тал дээр хоёр тал тохиролцлоо.
Тэрбээр айлчлалын үеэр өгсөн ярилцлагадаа "Монгол Улсын 20-р зууны бүтээн байгуулалтад Чех улсын эдийн засаг, техник, технологи, зөвлөх мэргэжилтнүүдийн тусламж дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Үүний тод жишээ нь Чех улсын тусламжаар баригдсан гутлын үйлдвэр болон "Карасо" автобус нийтийн тээвэрт, хүнд даацын "Татра" авто машин барилга, уул уурхайд; "Ява " мотоцикль ахуйн хэрэгцээнд өргөн ашиглагдаж байсан. Өнгөрсөн хугацаанд Чех улсад 20 орчим мянган Монгол иргэн их дээд сургууль, техникум, техник мэргэжлийн сургууль, магистр, докторын болон мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ. Одоо Чех улсад 14 мянга орчим Монгол иргэд сурч, ажиллаж, амьдарч байна. Монгол-Чехословакийн геологийн хамтарсан баг хоёр жилийн дотор Монгол Улсын эдийн засагт голлох байр суурь эзэлдэг Эрдэнэтийн зэсийн үндсэн ордыг илрүүлж, зураглалыг нь хийсэн түүхтэй" гэжээ.