“Хаврын чуулганаар арилжааны банкны зээлийн хүүг бууруулах алхам хийхийг зорино”
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн Ховд хотын (Жаргалант сум) иргэдтэй өнөөдөр уулзлаа.
Энэ оны төсөвт баруун бүсийн 5 аймагт нийт 115 төсөлд 349,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг тусгаад байна. Тухайлбал, Ховд аймгийн 9 суманд гэр хорооллын цэвэр, бохир усны шугам сүлжээ, бохир усны гол магистрал шугамын 2-р ээлж, “Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн паркийн бүтээн байгуулалт зэргийн хөрөнгө оруулалтыг багтаасан байна.
Тэрбээр хэлэхдээ “УИХ-аас 30 жил гацсан мега төслүүдийн чөдрийг тайлсны нэг нь Ховд аймгийн Эрдэнэбүрэнгийн 90 кВт-ын УЦС юм. Баруун бүс эрчим хүчний төвлөрсөн төв болох зорилгын хүрээнд тус УЦС ашиглалтад орсноор дан ганц Ховд аймаг гэлтгүй бүс нутагтаа эрчим хүчний хүндрэлгүй болох боломжтой” гэв.
Иргэдийн зүгээс банкны зээлийн хүүг бууруулах саналыг их хөндөж байна. Цалингийн зээл, малчны зээл, ипотекийн зээл хамгийн эрсдэл багатай зээлд тооцогддог ч арилжааны банкууд эрсдэлийг эдгээр хэрэглээний зээлэнд тооцож байгаа нь иргэдэд ачаа үүрүүлж буйг ярилаа.
Тиймээс УИХ-ын хаврын чуулганаар арилжааны банкны үйл ажиллагаатай холбоотой хууль, хуулийн хэрэгжилт зэрэгт хяналт тавьж, зээлийн хүүг бууруулах алхам хийхээр зорьж байна. Өөрөөр хэлбэл арилжааны банкны тухай хуульд хэрэглэгч, зээлдэгчийн эрх ашгийг хангах болно. Иргэдэд дарамт бус боломж олгодог хууль, эрх зүйн шинэчлэлийг хийнэ гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцлов.