Монгол Улсын шинэ нийслэл хотыг ирээдүйд сэргээн байгуулах хууль эрх зүйн орчин бүрдлээ
2025.02.05
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Монгол Улсын шинэ нийслэл хотыг ирээдүйд сэргээн байгуулах хууль эрх зүйн орчин бүрдлээ

УИХ-ын намрын чуулганаар хэд хэдэн бие даасан хууль батлагдсаны нэг нь “Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль”. Анх 2022 оны 12-р сарын 20-ны өдөр Хархорум хотыг сэргээн байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч, Орхоны хөндийн түүхэн дурсгалт газарт төр захиргаа, соёл боловсрол, аялал жуулчлалд түшиглэсэн байгаль орчинд ээлтэй, орчин үеийн шийдлийг тусгасан Хархорум хотыг байгуулах асуудлыг судалж, хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох судалгааг хийж, төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн барихыг Засгийн газарт чиглэл болгосон билээ. Энэхүү чиглэлийн дагуу Монгол Улсын Засгийн газраас “Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль”-ийн төслийг 2024 оны 12 сарын 20-ны өдөр УИХ-д өргөн барьж, уг хуулийг УИХ-аар хэлэлцэн баталсан юм.

Хууль батлагдсанаар нүүдэлчдийн түүхэн гал голомт болсон Орхоны хөндийд суурьшсан эртний нийслэлүүдийн туурин дээр Монгол Улсын шинэ нийслэл хотыг ирээдүйд сэргээн байгуулах хууль эрх зүйн орчин бий боллоо.Аливаа хот суурин байгуулах, хөгжүүлэхдээ түүний хөгжлийн төлөвлөгөөг УИХ-аар заавал хэлэлцэж, хуульчлан батлах нь алсын хараатай, төлөвлөгөөтэй, тооцоо судалгаатай, эмх цэгцтэй, зохион байгуулалттай хөгжих үндэс суурь болно.

Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэл, агаарын бохирдол, нийгэм, эдийн засгийн олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Хархорум хот төдийгүй Нийслэлийн бусад дагуул хотууд, улсын зэрэглэлтэй хотууд, хөдөө орон нутгаа хамтад нь хөгжүүлэх нь нэн тэргүүний зорилт юм.

УИХ-ын гишүүн А.Ганбаатар:

Бүх шашны баянбүрд, худалдаа, арилжаа, наймаа, дипломат алба харилцаа бүхий энэ хотоо дахин сэргээж, байгуулах нь зүйтэй. Дэлхийд бид Чингис хаан, Хархорум хотоороо гайхуулна. Нөгөө талаасаа Улаанбаатар хотын төвлөрөл байна. Тоо баримтаас харахад хүн амын 49 хувь, аж ахуй нэгжийн 70 хувь, худалдаа үйлчилгээний газрын 84 хувь, Их, дээд сургуулийн 96 хувь нийслэлд төвлөрсөн байна.Төвлөрлийг сааруулах талаасаа Зуунмод, Хархорум хот төслийг явуулах нь зөв. Засгийн газраас мэргэжлийн баг томилоод энэ ажлаа хурдан явуулах нь зөв.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Хотыг инженерүүд өөрсдөө л төлөвлөж байгуулж хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр босгодог. Улаанбаатар хотыг хувийн хэвшил босгосон. Гэхдээ төрд байсан ганцхан одоо үүрэг нь зохицуулж өгөх ёстой байсан. Гэтэл зохицуулж өгөөгүй ерөнхий төлөвлөлтөө бариагүй. Төлөвлөлт нь байсан хэдий ч түүнийгээ зөрчөөд анхан шатын даамлууд, нөхдүүд найраан дундаа орсон.Хархорин хот дээр энэ алдааг давтахгүйн тулд төр бас оролцох зүйлдээ оролцоно. Ялангуяа газар олголт дээр оролцох ёстой. Шууд эзэмшүүлж ашиглуулахгүй байх ёстой.

Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ахалж, ажлын хэсгийн гишүүдэд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ж.Алдаржавхлан, Н.Батсүмбэрэл, О.Батнайрамдал, Г.Уянгахишиг, Д.Бум-Очир, А.Ганбаатар, Б.Найдалаа зэрэг нэр бүхий гишүүд ажиллалаа.

УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг:

Манай улс цаасан дээрээс буюу хоосон газарт шинээр хот байгуулж байсан түүх байхгүй. Тийм учраас бэлтгэл ажлын хүрээнд буюу төлөвлөлт, бүтээн байгуулалтын үед тодорхой эрх зүйн зохицуулалтууд шаардлагатай байна гэж үзээд Засгийн газраас дээрх хуулийн төслийг өргөн барьсан. Ажлын хэсэг энэ хууль тодорхой хугацаанд хүчин төгөлдөр үйлчлээд, үүргээ биелүүлсэн үедээ дуусгавар болох, Хархорум хотын үйл ажиллагаа цаашдаа Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Хот байгуулалтын тухай хуулиар зохицуулагдаад явах гэсэн үндсэн зарчмыг баримталж ажилласан.

ШИНЭ МЭДЭЭ