БУРУУ ТОГТОЛЦООНЫ ХОХИРЛЫГ БИД ТАТВАРААРАА, ЯДУУРЛААРАА ТӨЛЖ БАЙНА
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний үндэсний хорооны гишүүн Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар УИХ 126 гишүүнтэй олон намын төлөөлөлтэй болсон. Үүний давуу тал нь парламентын залгамж чанар гэж харж байна.
Үе үеийн УИХ, Засгийн газрууд өмнөхүүдээ үгүйсгэж, зарим гол бодлогуудаа алдагдуулж ирснийг бид бүгдээрээ мэднэ. Алдаагаа засаад урагшлах л ёстой. Энэ удаагийн УИХ төрийн залгамж чанарыг сайн хадгална гэж одоогоор итгэж байна. УИХ, Засгийн газар бүр л өөр өөрийн түүхэн үүргээ гүйцэтгээд явж ирсэн гэж боддог. Тухайлбал, 1992- 1996 онд чөлөөт ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжих суурь тавигдсан. 1996-2000 онд нийгэм, эдийн засгийн үндсэн реформууд хийгдэж, голлох хуулиуд батлагдсан гэх мэт. 2020-2024 оны УИХ, Засгийн газар ковидын хүндрэлийг амжилттай даван туулсан гэж үнэлэгдэхийг үгүйсгэхгүй. Тэгвэл 2024-2028 оны УИХ, Засгийн газрын түүхэн үүрэг юу байх вэ гэдэг асуулт урган гарна. Үүнийг "эрчим хүчний реформ" байгаасай гэж хүсэж байна. Учир нь хүлээгдэж байгаа мега төслүүд бүгд эрчим хүчтэй хамааралтай.
Эрчим хүчний асуудлуудаа шийдэхгүй бол Засгийн газрын мөрийн хөтөлбөр цаасан дээрх "МӨРӨӨДӨЛ” болж хувирна.
Миний хувьд УИХ-ын хамгийн залуу гишүүн гэдгээрээ олны анхааралд илүүтэй өртөж байх шиг байна. УИХ өөрөө олон өнгө бүрдүүлэхийг зорьж, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулснаар сайн тал нь үнэхээр л олон өнгө бүрдэж чадлаа. Түүний нэг төлөөлөл "би" гарцаагүй мөн. Энэ хэрээр үүрэг хариуцлага нэмэгдэж буйг маш их мэдэрч байна. Нийгэмд болохгүй байгаа асуудлуудыг АН-ын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа би олон удаа хэлж ярьж байсан. Ингэхдээ, салбар бүрийн хүмүүстэй уулзаж, өөрчлөх ёстой асуудлуудыг ярилцаад үзэхээр нэг л зүг рүү чиглээд байсан. Энэ бол эрчим хүч. Нэг үгээр хэлбэл харилцан ярианы эцсийн зогсоол нь эрчим хүч дээр очоод дуусдаг байв. Харин одоо нэгэнт УИХ-ын гишүүн болсон учраас шүүмжилж, зовлон ярихаас илүү дотор нь орж ажиллаад явах нь зөв гэж бодсон. Эрчим хүч хүнээр бол цусны эргэлт. Гэтэл хөгжлийн гол бодит хүчин зүйл болдог эрчим хүчний салбар өнөөдөр маргаашгүй тэг зогсолт дээр ирсэн нь нууц биш. Тиймээс энэ асуудлуудаа шийдэхгүй бол Засгийн газрын мөрийн хөтөлбөр цаасан дээрх хий хоосон "мөрөөдөл" болж хувирна. Тиймээс эндээс ажлаа эхлүүлсэн.
ЭРЧИМ ХҮЧНИЙ РЕФОРМЫГ ДЭМЖИХ БҮЛЭГТ 100 ГАРУЙ ГИШҮҮД НЭГДЭВ
Миний манлайлж буй эрчим хүчний реформыг дэмжих бүлэгт УИХ-ын 100 гаруй гишүүд нэгдсэн. Урд өмнөх дэмжих бүлгүүдэд ингэж олуулаа нэгдсэнийг санахгүй байна. Гэхдээ цаашид саад бэрхшээл гарч ирэхийг таашгүй. Бидэнд тулгамдсан олон асуудал бий. Эрэмбэлбэл нэгдүгээрт бас л эрчим хүч. Үүнийг зөвхөн би биш эрчим хүчний салбарынхан, инженерүүд, судлаачид, улс төрчид бүгд мэдэж байгаа. Ганцхан жишээ хэлэхэд төвийн эрчим хүчний оргил ачааллын таац 2023 оноос хэтэрч эхэлсэн. Цаашдаа улам нэмэгдэнэ. Хүний нөөцийн хомсдолтой, техник технологийн хуучирсан тоног төхөөрөмжтэй, салбар нь жилд 274 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Өнөөдөр эсвэл маргааш гэхэд тэг зогсолт хийх эрсдэлтэй нөхцөл байдалд байна. Гэвч үе үеийн улс төржилт, талцлаас болж үүнийг шийдэж чадахгүй ирсэн нь үнэн. Одоо бид үүнийг шийдэхээс өөр аргагүй. Саяхан Куба улс цахилгаангүй дөрөв хонолоо. Цахилгааны хязгаарлалтаа үргэлжлүүлнэ гэдгээ ч Кубын эрх баригчид зарласан. Бидний нөхцөл байдал Куба улсынхтай ижил. Ялангуяа төрөөс үнийг нь хатуу тогтоодог буруу тогтолцооноос болж энэ салбар нурсан байна. Аз болоход Куба дулаан орон. Харин Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. Эрчим хүч доголдоход Улаанбаатарт жинхэнээсээ өвлийн түнэр харанхуй тэсгим хүйтэнд тэг зогсолт болно!
Миний хувьд парламентын гишүүнээр ажиллах бүрэн эрхийн хугацаандаа баримтлах гол зарчим, үзэл баримтлалыг чөлөөт өрсөлдөөн, чөлөөт зах зээлийг хөгжүүлэх хэмээн харж байна. Манай улсад төр бүх юманд оролцож байгаа учраас чөлөөт үнэ алга. Тухайлбал эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол, харилцаа холбоо гэх зэрэг төрийн оролцоогүй салбар үгүй болж. Төр оролцсон салбар бүр уналтад орж, тэнд авлига, хүнд суртал цэцэглэн хөгжиж байгаа нь хэн хүний нүдэнд ил байна. Үүнийг өөрчлөхийн төлөө ажиллана.
Эрчим хүчний салбарын тухайд тариф нь ОУ-д байдаггүй буруу жишгээр тогтоогддог. Дулаан хангамжийг квадрат метр, куб метрээр тооцох нь маш буруу систем. Улаанбаатарын төвлөрөл бол дэд бүтэц дагасан төвлөрөл. Улаанбаатарт бизнес эрхлэхэд тааламжтай байгаа учраас үүнийг дагаж төвлөрөл бий болсон гэсэн үг. Тиймээс бүх л жижиг дунд бизнес Улаанбаатарт төвлөрч байна. Гэтэл бусад улс орнуудад хотод бизнес хийх нь зардал өндөртэй байдаг. Өөрөөр хэлбэл хот хөдөөгийн тариф ялгаатай буюу хотод өндөр хөдөөд хямд байх ёстой. Улаанбаатарт амьдрах өртөг, бизнесийн үйл ажиллагаа явуулах зардал бусад хөдөө орон нутгуудтай харьцуулбал өндөр байх ёстой гэсэн үг. Энэ бол зах зээлийн энгийн зарчим.
Дараагийн асуудал нь айл өрхүүдийн цахилгааны тариф, ААН-үүдийн тарифаас хямд байна. Зов нь юу вэ гэвэл бизнесээ дэмжихийн тулд эсрэгээрээ байх ёстой. Айл өрхүүд цахилгаан, дулааны хэмнэлт хийх боломжтой. Харин ААН-үүд айл өрхүүдийнхээс илүү хямд үнэтэй, тасралтгүй найдвартай цахилгаан, дулаанаар хангагдсанаар үйл ажиллагаа нь хэвийн явагдана. Дүгнэж хэлэхэд эрчим хүчний үнэ тариф зах зээлийн бус зарчмаар буюу төрийн шууд оролцоотой буруу жишгээр тогтоогдож ирсэн нь энэ салбарын хямралын гол шалтгаан.
Хувийн явцуу эрх ашигт үйлчилдэг бүтэц томорсоор төр бидний хөгжлийн саад болсон!
Парламентын гишүүний хувьд асуудалд ямар байр сууринаас хандаж, эрх ашгийн эрэмбийг хэрхэн тогтоох тухайд.
Өөрсдийн эрх мэдлийг хадгалахын төлөө ард иргэдэд хоосон амлаж, тог цахилгааны хямд үнийг улс төрчид санал болгодог цаг дуусаж байна гэж хардаг. Буруу тогтолцооны хохирлыг бид татвараараа, ядуурлаараа төлж байна. Одоо үүнд цэг тавья. Улс төрчид зориг гаргаж, гаргасан шийдвэртээ тууштай байя. Түүнчлэн судалгаа тооцоонд суурилж, хийх ажлаа эрэмбэлье. Хувийн ААН, компани хийж чадах ажлыг төр хийхээ зогсооё. Чөлөөт өрсөлдөөнт зах зээлийг бий болгож, төрийн оролцоог багасгая. Хувийн явцуу эрх ашигт үйлчилдэг бүтэц томорсоор төр өөрөө бидний хөгжлийн саад болсон. Энэ бүгдийг өөрчлөхөөс бидний ажил эхэлнэ.