Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв” баригдах байршил дээр ирж танилцлаа
2025.01.06
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв” баригдах байршил дээр ирж танилцлаа

Монгол Улсын  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр “Хавдар судлалын  үндэсний  хоёрдугаар төв” баригдах байршил дээр ирж танилцлаа.

Тус төвийг  байгуулахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд энэ үеэр ирж танилцуулга хийсэн юм. Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд дэд бүтэц бүрэн шийдэгдсэн энэхүү байршилд томоохон бүтээн байгуулалт ийнхүү эхлэх гэж байна. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Хавдрын урьдчилан сэргийлэх, оношилгоо эмчилгээ, сургалт, эрдэм шинжилгээний цогцолбороо илүү орчин үеийн өргөн цар хүрээтэй дэлхийн жишигт нийцсэн жишгээр маш яаралтай барьж байгуулах хэрэгтэй. Манай улсын гадаад харилцаа өргөжиж байна иймээс зөвхөн улсын төсөв гэлтгүй гадаад харилцааг бас ашиглан энэхүү төслийг урагшлуулна гэж бодож байна. Хавдрын өвчлөл жилээс жилд нэмэгдэж байна.

Тэгэхээр бид энэ эмнэлгийг яаралтай барьж ашиглалтад оруулахгүй бол өвчлөл 2040 он гэхэд хоёр дахин нэмэгдэх хандлагатай байгаа  тооцоо судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан. Нийтдээ 95000 мкв бүхий талбайтай эмнэлэгт 1500 орчим эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллах юм билээ. Хавдрын асуудлаар олон жил явсан судалсан, иргэдийнхээ зовлонг маш сайн мэддэг УИХ-ын гишүүдийг томоохон түлхэц болно гэж үзээд ажлын хэсэгт оруулсан байгаа” хэмээн хэллээ. 

ШИНЭ МЭДЭЭ