2024.12.23
Эрчим хүч
Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.20) Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
Нийслэл хотын дулаан хангамж хэрэглээний 32 хувийг, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 16 хувийг тус тус хангадаг Дулааны гуравдугаар цахилгаан станц нь 56 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд техникийн гэмтэл, саатлаас шалтгаалан хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хязгаарлах эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн. Иймд Улаанбаатар хотын одоогийн болон өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг найдвартай хангах зорилгоор тус станцыг хоёр үе шаттай өргөтгөн шинэчлэхээр төлөвлөснийг хууль санаачлагч тодотголоо.
Тодруулбал, эхний ээлжинд 50 МВт-ын дулааны станцыг шинээр барьж, дараагийн шатанд ашиглалтын хугацаа дууссан 48 МВт-ын станцыг буулган, суурин дээр нь 250 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг шинээр барихаар тогтжээ. Засгийн газар хоорондын уг хэлэлцээрийн төсөл нь нийт 11 зүйлтэй бөгөөд өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулах, инженерийн судалгаа, шинжилгээ явуулах ажлын цар хүрээ, ерөнхий нөхцөл зэрэг холбогдох асуудлуудыг тусгасан байна.