МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн барив
2024.12.23
Хууль, эрх зүй

Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.20) Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь нар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн барив.

УИХ-ын 2023 оны 07 дугаар тогтоолоор Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амын суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд УИХ-ын даргын 2024 оны 12 тоот захирамжаар уг тогтоолын хэрэгжилтийг хангуулах, бүтээн байгуулалтыг дэмжих чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан билээ. Өнгөрсөн хугацаанд Орхоны хөндийд шинэ Хархорум хот байгуулах зориулалтаар Архангай болон Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрийн нийт 189.363 га газрыг улсын тусгай хэрэгцээд авч, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зам тээвэр, эрчим хүч, инженерийн дэд бүтцийн хангамж, болон бусад бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг үе шаттайгаар боловсруулж, хот төлөвлөлтөд иргэд, олон нийт, эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүдийн санал, зөвлөмжийг тусгажээ.

Монгол орны төв хэсэгт үндэсний соёл иргэншлийн онцлогийг тээсэн, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангасан, сэргээгдэх эрчим хүч, ухаалаг тээврийн хэрэгслийн шийдэл бүхий иргэндээ ээлтэй хотыг байгуулахын тулд бүтээн байгуулалт, хөгжлийн асуудлыг дэмжихтэй холбоотой эрх зүйн нарийвчилсан зохицуулалт шаардлагатай гэж хууль санаачлагчид үзжээ. Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл нь нийт 8 бүлэг, 38 зүйлтэй бөгөөд бүс нутгийн хөгжлийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангаж, түүх, соёлын өвийг сэргээх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, оршин суугчдын ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд үндсэн зорилго нь оршино гэдгийг Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал онцлон тэмдэглэв.

Түүнчлэн оновчтой төлөвлөлт бүхий суурьшлын зөв тогтолцоотой хотыг хөгжүүлж, шинжлэх ухаан, инновацад тулгуурласан ажлын байрыг бүс нутагт шинээр бий болгосноор хүн амын хэт төвлөрлийг бууруулахаас гадна дотоод, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх ач холбогдолтойг тодотгов.

ШИНЭ МЭДЭЭ